Солонгосын таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлсэн.
Энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Ингэснээр Монголоос Солонгосын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт тав, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэх аж.
Тус агаарын
тээвэрлэгч нь Муан-Улаанбаатар-Муан чиглэлд ирэх есдүгээр сар хүртэл хугацаанд
долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэх юм байна. Муан олон улсын
нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт
Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.