"Старлинк"-ийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-12 11:21:36

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 12 /CNBC/. Манай гараг дэлхий сүүлийн 20 жилд тохиогоогүй хамгийн хүчтэй соронзон шуурганд өртсөний улмаас Америкийн тэрбумтан Илон Маскийн "SpaceX" компанийн хиймэл дагуулын "Старлинк" сүлжээний үйлчилгээ муудсан тухай тус компани бямба гарагт мэдэгджээ. 


"Старлинк" нь Дэлхийг тойрон эргэлдэж буй 7500 орчим хиймэл дагуулын 60 орчим хувийг эзэмшдэг бөгөөд хиймэл дагуулын интернэтийн салбарт гол тоглогч юм.


И.Маск өмнө нь X хуудсандаа "Старлинк"-ийн хиймэл дагуулуудын үйл ажиллагаа соронзон шуурганы улмаас ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч өнөөг хүртэл тэссээр байна" гэж бичжээ. 


АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/  мэдээлснээр, энэ шуурга  2003 оны 10 дугаар сараас хойш болж буй хамгийн хүчтэй шуурга бөгөөд амралтын өдрүүдэд үргэлжлэх хугацаандаа навигацын систем, цахилгаан шугам сүлжээ, хиймэл дагуулын навигац зэрэгт эрсдэл учруулж болзошгүй гэдгийг анхааруулж байсан юм. 


Дэлхийн нам тойрог замд байгаа мянга мянган "Старлинк"-ийн хиймэл дагуулууд нь хиймэл дагуул хоорондын лазер холбоосыг ашиглан гэрлийн хурдаар өгөгдлүүдийг дамжуулах замаар дэлхий даяар интернэтийн үйлчилгээг үзүүлдэг.



Холбоотой мэдээ