Пиэр Гэрбэр: Хогийг дахин ашиглах тогтолцоог аймаг, сумын түвшинд эхлээд нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хог
хаягдлын асуудлыг заавал нийслэлд гэхгүйгээр орон нутагт зөв шийдэж болно гэж Европын Холбооны “Switch Asia” хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог
хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн “Экосум”
ТББ-ын гүйцэтгэх захирал, төсөл хэрэгжүүлэгч, Франц улсын иргэн Пиэр Гэрбэр
хэлж байна.
Тэрбээр, бид эхлээд сумын
түвшинд хог хаягдлыг зөв зохистой зохицуулах ямар шийдэл, тогтолцоо байж болох
дээр төвлөрч байна. Зарим хүн энэ ажлыг төвлөрсөн суурин газраас буюу
нийслэлээс эхлэх ёстой, дараа нь орон нутагт “түгээж” болно гэж үздэг.
Би бол эсрэгээрээ, сум
орон нутагт илүү өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байдаг. Хишиг-Өндөр сумын жишгээр
олон сум ингэж ажиллана гэдэгт итгэж байгаа. Бид асуудлыг суманд шийдэж
болдог гэдгийг харуулахыг зорьж байна. Хогийг дахин ашиглах тогтолцоог аймаг,
сумын түвшинд нэвтрүүлнэ. Гол нь нутгийн удирдлага үүнийг ойлгоод
шийдчихвэл ямар ч асуудалгүй юм хэмээн тодотгож байна.
“Экосум” ТББ Булган
аймгийн Хишиг-Өндөр суманд Хог хаягдал зохицуулах төв байгуулан ажиллаж байгаагаа саяхан Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийнхэнд танилцуулжээ.
Энд сумын иргэд хогоо авчирч ангилан ялгаж, пресслэх буюу хогийг нягтаршуулан
дарж багцлаад хог боловсруулах болон дахин ашиглах цэг, үйлдвэрт тушааж байна.
Эднийх хог нягтаршуулах пресс болон мөн шил бутлах машинтай, хаягдал шил, лонхыг бутлаад бусад түүхий эд, материалтай холин их даралтын төхөөрөмжөөр шахаж хавтан зэрэг бусад бүтээгдэхүүн гаргаж байна. Нэг ёсондоо эднийх хог хаягдлыг ангилж ялгахаас гадна боловсруулж байна гэсэн үг. Энэ төвөө орон нутгийн бусад суманд жишиг болгох зорилготой байгаагаа Пиэр Гэрбэр хэлсэн юм. Түүнийг Улаанбаатар хотод ирээд байхад нь хог хаягдлын менежментийн үйл ажиллагааных нь талаар зарим зүйлийг тодруулав.
-Өнгөрсөн хугацаанд танай төслийн үр дүн хэр гарч байна хэмээн үзэж байна вэ?
-Манайд Европын Холбооны “Каритас
паблик” гэсэн 4 жилийн төслийг хэрэгжүүлсэн. Хог хаягдлыг дахин боловсруулах зорилгоор
олон байгууллагатай хамтарсан. Харин яг манай байгууллагын хувьд
хог хаягдлыг дахин боловсруулахад төвлөрөхөөс гадна илүү өргөн цар хүрээнд
ажиллахыг хичээж байгаа. Энэ зорилгоор Хог хаягдлыг зохицуулах төв байгуулсан
юм.
Бид эхлээд сумын түвшинд хог хаягдлыг зөв зохистой зохицуулах ямар шийдэл, тогтолцоо байж болох дээр төвлөрч байна. Хишиг-Өндөрийн жишгээр олон сум ингэж ажиллана гэдэгт итгэж байгаа. Бид асуудлыг суманд шийдэж болдог гэдгийг харуулахыг зорьж байна. Дахин ашиглах тогтолцоог аймаг, сумын түвшинд нэвтрүүлнэ. Гол нь нутгийн удирдлага үүнийг ойлгож мэдээд шийдчихвэл ямар ч асуудалгүй юм.
-Олон улсад хэрэгжүүлж буй хог хаягдлын ямар менежмент байна, туршлагаас хуваалцана уу?
-Өнөөдөр гол нь компани,
үйлдвэрлэгч нар хог дахин ашиглах системийг үйлдвэрлэл болон үйл ажиллагаандаа нэвтрүүлж
мөрдөх шаардлагатай байгаа.
Компани, үйлдвэрлэгч нар
бараа, бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаж байгаа нь нэг талаар хямд үнэтэй
байдаг боловч, олноор жижиглэн үйлдвэрлэх бүрд сав, баглаа боодол ихсэж, тэр
хэрээр хуванцар сав, гялгар уут хэрэглэх нь нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгч
олон түмний эрүүл мэндэд хор уршиг учруулж байна.
Тиймээс улс орны хууль
тогтоогч нар энэ талаар үндэсний хэмжээнд зөв бодлого барьж шийдвэр гаргах нь хүн
амын эрүүл мэндээс аваад зохистой хэрэглээний, нийгэм, эдийн засгийн олон
асуудлыг шийдэж чадна. Энэ бол техник, технологийн асуудал биш.
Өндөр хөгжилтэй улс орнууд өндөр техник, технологи хэрэглээд хог хаягдлаасаа ангижирч салсан зүйл огт байхгүй. Энэ нь бодлого, шийдвэр гаргагч, эрх баригчдын хандлага, сэтгэхүй, улс төрийн цэвэр манлайллын хүсэл зоригоор зөв шийдвэр гаргахад оршдог. Түүнээс биш тийм ч хэцүү зүйл биш юм.