БАЯНХОНГОР: Нэг гэр бүлийн найман эр сумын заан цолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-15 14:52:13

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Баянхонгор аймгийн онцлох нэгэн гэр бүлийг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Тус аймгийн Шинэжинст сумын харьяат, сумын заан Ш.Даваахүүгийнх долоон хүүтэй бөгөөд бүгд сумын заан цолтой.


Шаравын Даваахүү, Сангийн Энхтуяа нар 1974 онд гэр бүл зохиож, долоон хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд бүгд сумын заан цол хүртжээ. Хөвгүүд 1975-1987 онд төрсөн тэрсхэн залуус бөгөөд өдгөө аав, ээж нь тэнгэрт хальсан ч долоон хөвгүүн нь гэр бүл болж 33-уулаа болоод байна.


Ш.Даваахүүгийнх хүүхдүүддээ “тулга” орсон нэрийг хайрласан нь нутгийнхан нь долоон Тулгынх гэж авгайлахад хүргэжээ. Тодруулбал, Ш.Даваахүүгийн долоон хөвгүүнийг Түвшинтулга, Бүрэнтулга, Тулгаа, Мөнгөнтулга, Эрдэнэтулга, Баттулга, Мөнхтулга гэдэг.


Аав Ш.Даваахүү Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд 1979 онд түрүүлж сумын заан болж байсан байна. Тэгвэл, 

  • Даваахүүгийн Түвшинтулга 2000 онд Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Шинэжинст сумын 2002 оны баяр наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан, сумдын баяр наадамд 2 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 шөвгөрсөн бөх.
  • Даваахүүгийн Бүрэнтулга 2002 онд Галуут сумын баяр наадамд сумын заан цол хүртсэн бол 2008 онд Шинэжинст суманд цолоо баталсан байна.
  • Даваахүүгийн Тулгаа 2003 онд Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн бөгөөд сумдын баяр наадамд хоёр удаа шөвгөрч, аймгийн баяр наадамд гурав давж байсан.
  • Даваахүүгийн Мөнгөнтулга 2005 онд Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн бөгөөд Баянхонгор аймгийн баяр наадамд хоёр удаа 3 давж байсан.
  • Даваахүүгийн Эрдэнэтулга 2006 онд Баянцагаан сумын баяр наадамд түрүүлж сумын заан цолтой болсон бол сумдын баяр наадамд нэг үзүүрлэж, дөрөв шөвгөрч байжээ. 
  • Даваахүүгийн Баттулга 2007 онд Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн байна
  • Даваахүүгийн Мөнхтулга 2011 онд Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртжээ.

Түүнээс гадна “Долоон Тулга”-ын дөрөв нь шагайгаар харвадаг. Сумын заан Д.Бүрэнтулга шагайн харвааны улсын хошой мэргэн бол сумын заан Тулгаа, Мөнгөнтулга, Эрдэнэтулга нар аймгийн гоц мэргэн. Тулгууд самбо, жудо бөх, гар бөмбөгийн спортын сайн тамирчид бөгөөд зарим нь спортын зэрэгтэй юм.



Холбоотой мэдээ