ТӨВ: Номын баярыг “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь жилдээ тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-15 17:52:25

Зуунмод, 2024 оны тавдугаар 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 35 дахь буюу 2024 оны Номын баярыг тавдугаар сарын 17-19-ний өдөр улс орон даяар тэмдэглэнэ.

 


Тус үйл ажиллагааг Төв аймагт Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Монгол Туургатан театр, аймгийн музей зэрэг төрийн байгууллагууд хамтран 2024 оны 5 дугаар сарын 17-нд Мөнх-Алдарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, ном сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

 

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаануудын нэг буй.


Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна.


 

Холбоотой мэдээ