ТӨВ: Мэдээлэл технологийн “Хурдан” клубийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төв аймагт өсвөрийн “Хурдан” клубийг 10 дугаар сарын 7-нд байгуулж, 33 гишүүнд батламж гардууллаа.
Тус клуб хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгэмд нөлөөлөх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
"Хурдан" клубийг байгуулснаар сурагчид төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авахаас гадна үе тэнгийн дээрэлхэлт, цахим дээрэлхэлттэй холбоотой асуудлыг дамжуулах, мэдээлэх, эцэг, эх, асран хамгаалагчдыг цахим элч сургагч багш болох хэмжээнд бэлтгэх боломжтой.
Түүнчлэн сурагчид мэдээлэл технологи, цахим элч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгч байгаа юм.
Мөн мэдээллийн технологи хурдацтай
хөгжихийн хэрээр тус салбарт тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний
эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж буйг үндэслэн сурагчдын клубийг байгуулжээ.
Анхны клубийг Дархан-Уул аймагт 2024 оны 11 дүгээр сард байгуулж байжээ.