БАЯНХОНГОР: Гэр бүлийн төгөл байгуулжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-05-16 11:51:57

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас “Гэр бүлийн өдөр” үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Үйл ажиллагааны үеэр тус газрын удирдлага гэр бүлийн төлөөлөлтэй уулзаж, байгууллагынхаа хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ажлын нөхцөл байдлын талаар танилцуулж, ар гэрийнхний санал хүсэлтийг сонссон байна.


Гэр бүлүүд аймгийн Хуримын ордны үйл ажиллагаатай танилцаж, гэр бүлийн сургалтад хамрагдаж, гэр бүлийн боловсрол, хосын харилцааны үнэ цэн, амьдралын утга учир, биесээ хайрлан, хүндэтгэх талаар илүү их мэдлэгтэй болжээ. 


Мөн "Гэр бүлийн өдөрлөг” үйл ажиллагаанд оролцсон гэр бүлүүд Жаргалант паркт Гэр бүлийн төгөл байгуулж, мод тарьсан байна. Тэд ийнхүү хотын төвийнхөө ногоон байгууламжид гэр бүлийн хамт хувь нэмрээ оруулж, нэгэн өдрийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.


Өдөрлөгийн хүрээнд байгууллагын ажилтнуудын хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах, ханийнхаа ажлаар бахархах, ажлын нөхцөл байдлыг ханьдаа ойлгуулах гээд олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэдгийг гэр бүлүүд онцолж байлаа.


"Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ 69 алба хаагчтайгаар аймгийн төвийн өнгө үзэмжийг тордож, ногоон байгууламжийг арчилж, цэвэр цэмцгэр байдлын төлөө ажиллаж байна.