Дархан хайрхан уулыг тайх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-16 18:04:27

Дархан, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Дархан хайрхныг тайх ёслол боллоо.




Дархан хайрхныг түүх, соёлын дурсгалт газар болгож 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны тавдугаар сарын 8-ны өдөр Дархан хайрхан уулыг тайх уламжлалыг сэргээх санаачилгыг дэмжих тухай 34 дүгээр тогтоолоор нутгийн иргэд эртнээс тахиж ирсэн уламжлалтай.




Тодруулбал, 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дархан хайрхан уулыг тайх уламжлалыг сэргээж, жил бүр тайж байхаар шийдвэрлэж, төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж ийнхүү жил бүрийн зуны эхэн сард тайх ёслол хийж байна.




Бурхны шашинд хүн ард байгаль дэлхийтэй шүтэн барилдлагатай оршдог гэж үздэг. Тиймээс өөрийн амьдарч буй нутгийнхаа уул, усны эзэн, лус савдгийг аргадаж тайж, тахих учиртай. Ингэснээр хур бороо элбэгшиж, ган гачиггүй дэлгэр цаг ирж, хүн ард нь амар амгалан байхыг бэлгэдэж үйлддэг зан үйл гэж Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн лам А.Галсанцэрэн онцоллоо.




Хэнтий нурууны их уулсын салбар Дархан хайрхан уул нь Их дархан, Бага дархан гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Далайн түвшнээс дээш 1239 метр өндөр, хойд өргөргийн 106 хэм, зүүн уртрагийн 49 хэм 15 минутад оршдог.




Ташрамд, жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр аймгийн ИТХ-ын тогтоолоор зохион байгуулдаг уг ёслол энэ удаад УИХ-ын сонгууль ирэх сард болох тул ийнхүү долоо хоногийн өмнө зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ