Жижиг дундынханд зориулсан барьцаагүй, хүү багатай санхүүжилтийн платформыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-17 14:03:51

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Жижиг дунд бизнесийнхэнд зориулсан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформын нээлт “Новотел” зочид буудалд өнөөдөр боллоо.


“Cash Me” нэртэй уг платформ нь жижиг дунд бизнес (ЖДБ)-ийнхэнд олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болж байгааг Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Амар хэллээ.

Тэрбээр, Монголбанкны 100 жилийн ойн босгон дээр жижиг, дундынханд зориулсан бодит санхүүжилтийн суурь тавигдаж, тэр нь цахимжин хүртээмжтэй болж байгаа нь гол онцлогтойг тодотгон хэлэв.


ЖДБ эрхлэгч нар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг. Ялангуяа энд тэднээс барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь жижиг, дундынханд хүндрэл, бэрхшээл үүсгэдэг.

Тэгвэл одоо зээл хүсэхэд жижиг дунд бизнес эрхлэгч нарыг тусад нь буюу дангаар нь авч үзэн, зээл төлөх чадварыг бус, тухайн зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй ажил, үүрэг, мөн хамтран ажиллаж буй томоохон сүлжээ компани, худалдан авагч, эсвэл борлуулагчийн хамтын ажиллагааг үндэслэн богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж эхэллээ. Жишээ нь, малчин өрх “Сүү” компанид тогтмол сүү нийлүүлж байгаа бол зээл авахад нь тухайн компани баталгаа гаргаж өгөх юм.


Нийлүүлэлтийн дээрх сүлжээг санхүүжүүлэх санамж бичигт өнөөдөр Худалдаа хөгжлийн банк (ХХБ), “Ариг” банкны удирдлага гарын үсэг зурж байгууллаа. “Банк, санхүүгийн байгууллага нэг үеэ бодвол дэргэдээ бүгд ЖДҮ болон ЖДБ эрхлэгч нарт зориулсан газар, хэлтэстэй болсон.

Тэдэнд зориулсан санхүүжилтийг тусад нь татаж, хөрөнгө оруулж, санхүүжүүлдэг болж байна. Жишээ нь, манай банк Америкийн хөгжлийн сангаас 120 сая ам.долларыг татан төвлөрүүлж, ЖДБ-ийнхнийг бага хүүтэй санхүүжүүлж эхэлж байна” гэж ХХБ-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч хэллээ.


ЖДБ эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, тэдэнд зардал багатай санхүүжилтийн бүтээгдэхүүн санал болгох нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформыг Монголын Банкны холбоо, “Дижитал кредит” компани ОУСК-ын дэмжлэгтэй хөгжүүлэн Монголын банк, санхүүгийн зах зээлд ийнхүү нэвтрүүлж эхэллээ. Жижиг дунд бизнесийнхэнд зориулсан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, СЗХ, олон улсын байгууллага, банкуудын удирдлага, төлөөлөл оролцов.


Уг платформыг салбарын хэмжээнд нэвтрүүлснээр банк, санхүүгийн байгууллага зардал багатай, барьцаагүй, хүү багатай, дээр нь байгаль орчинд ээлтэй санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлж, ЖДБ эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж, ингэснээр бараа эргэлт сайжрах боломж бүрдэнэ гэдгийг ОУСК-ын Зүүн Ази, Номхон далан бүс нутгийн санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлөрийн дарга Жинчанг Лай онцлон хэллээ.




 

 

Холбоотой мэдээ