Хоёр том хар нүх хоорондоо нийлснийг "Жеймс Уэбб" илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-05-17 16:47:15

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 17 /AP/. “Жеймс Уэбб сансрын дуран авай хар нүхнүүд хоорондоо нийлсэн хамгийн эрт үеийн тохиолдлыг илрүүлжээ.


Тодруулбал, хоёр том хар нүх ба тэдгээрийн галактикууд Орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлтээс хойш ердөө 740 сая жилийн дараа хоорондоо нийлсэн байна. Ингэснээр хар нүхнүүд хоорондоо нийлсэн хамгийн эртний тохиолдлыг илрүүллээ гэж судлаачид пүрэв гарагт мэдэгдлээ.


Нэг хар нүх нь манай Нарнаас 50 сая дахин том хэмжээтэй бол нөгөөх нь хэмжээний хувьд ойролцоо боловч өтгөн нягт хийгээр бүрхэгдсэн тул хэмжээг нь нарийн тодорхойлох боломжгүй байгаа ажээ.


Өнөөг хүртэл одон орон судлаачид асар том хар нүхнүүд хэрхэн томорсон шалтгааныг олж мэдээгүй байсан юм.


“Энэхүү нээлт нь хар нүхнүүд хэрхэн маш хурдан томордог болохыг харуулж байна. Тэдгээр нүх нь галактикуудын хувьсалд анхнаас нь нөлөөлсөөр ирсэн” гэж Кембрижийн их сургуулийн доктор Ханна Ублер ярилаа.


2021 онд НАСА-гийн Хаббл сансрын дуран авайн халааг авсан “Жеймс Уэбб” нь сансарт илгээсэн хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг ажиглалтын аппарат юм. АНУ-Европын хамтарсан төслийн хүрээнд зохион бүтээсэн уг дуран авай Дэлхийгээс 1.6 сая км-ийн алсын зайнаас Орчлон ертөнцийг судалж байна.



Холбоотой мэдээ