ГОВЬ-АЛТАЙ: Үндэсний сурын нээлтийн харваанд 70 харваач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-18 16:55:15

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үндэсний сурын 2024 оны нээлтийн харваа өнөөдөр болж байна. 


Харваанд Говь-Алтай аймгийн харваачдаас гадна Баянхонгор, Дархан аймгийн улс, аймаг, сумын зэрэг цолтой 70 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм. Нээлтийн харваа нь харваачдын шинэ оны өнгийг тодорхойлох чухал харваа болдог, тиймээс ч харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцдог байна.


Говь-Алтай аймгийн харваачдын холбоо 2015 онд байгуулагдсан цагаас хойш үндэсний сурын спортын хөгжил, харваачдын чадвар чансааг сайжруулах зорилго тавин үйл ажиллагаагаа явуулдаг байна. 2016 онд Монгол Улсын шилдэг холбоо, 2017 2018 2022 2023 онд шилдгийн шилдэг холбоогоор нийт дөрвөн удаа шалгарч байсан бөгөөд харваачид ч улсын наадамд амжилттай оролцсоор иржээ.


Тодруулбал, 2018 онд Бугат сумын харваач Б.Дашзэвэг улсын наадамд түрүүлж, Алтай нутгийн эрэгтэй харваачдаас анхны улсын мэргэн болж байсан юм. Энэхүү түүхэн амжилтыг үнэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хоёр өрөө байр өгч анх удаа улсын наадмын түрүү харваач байраар шагнуулж байсан. Энэ нь үндэсний сурын спорт Алтай нутагт хэрхэн хөгжиж, үнэлэгдэж байгааг илтгэж байгаа юм гэдгийг аймгийн мэргэн, спортын мастер, Говь-Алтай аймгийн харваачдын холбооны тэргүүн, Б.Лхагва-Очир онцлон хэллээ. 


Нээлтийн харваанд оролцож буй харваачдын тоо, ур чадварыг харахад үндэсний сур харваа Говь-Алтай аймагт хэрхэн хөгжиж байгааг харж болох юм. Үндэсний соёлын үнэт өвийн нэг болох үндэсний сурын харвааг монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хүүхэд багачуудад таниулан сурталчилж, орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор жил бүр нээлтийн харвааг зохиодгоороо онцлогтой юм гэдгийг аймгийн мэргэн, спортын мастер, “Хантайшир зурхай”-н харваач П.Лхагвабаатар хэлэв.


Холбоотой мэдээ