ГОВЬ-АЛТАЙ: Засагт хан аймгийн тамга эртний үнэт үзмэрт тооцогдон хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-20 12:01:11

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейд Засагт хан аймгийн тамга хадгалагдаж байна.


Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэ тамгыг “Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга” хэмээн бичиж, тайлбарласаар ирсэн. Аливаа музейн сан хөмрөгт үзмэрийг бүртгэн авахдаа үзмэр болгон авсан оны тоог оруулан бүртгэлийн дугаарыг өгдөг. Тэгвэл дээрх тамга нь ГА.Ү.64-1 гэсэн хувийн дугаартай байгаа нь сан хөмрөгт 1964 онд бүртгэгдсэн гэж үзэж болмоор.


Гэвч бидэнд буй зарим мэдээ зөрүүтэй байна. Учир нь дээрх тамгыг тус музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрт “...музейн эрхлэгчийн алба хашиж байсан П.Довчин Төв архиваас шилжүүлэн авсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Мөн “...1968-5-28-ны өдөр музейн эрхлэгч П.Довчин албан хүсэлт гарган БНМАУ-ын Архивын хэрэг эрхлэх газрын дарга Г.Цэрэндорж цохолт хийж, аймгийн Орон нутаг судлах музейд шилжүүлэн авсан...” гэж Үндэсний архивын сан хөмрөгийн тамга тэмдгийн нэгдсэн бүртгэл, Манж, Монгол Улсын үеийн тамганы баримтад (МҮТА, Манж, Монголын үеийн тамга тэмдэгтийн нэгдсэн бүртгэл. 2001) гэж тэмдэглэсэн тухай Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гэрэлтуяа онцлон хэлсэн юм.


Тэрбээр тус тамгыг танилцуулахдаа,“Манай музейд хадгалагдаж буй тамга нь дараах байдалтай байсан тухай архивт тэмдэглэгдсэн байдаг. Музейн түүх угсаатны танхимд хадгалагдаж байгаа тамганы тодорхойлолт: 

Үзмэрийн нэр: Тамга 

Хэмжээ: 10.5х10.2х2 см 

Материал: Мөнгө 

Жин: 3956 гр 

Энэ тамга 10.5х10.5 см хэмжээтэй дөрвөлжин суурьтай, суурийн өндөр 2 см, суурийн дээд ирмэгээр давхар ховил татаж, төв хэсэгт нь 9.5 см өндөртэй барс бариул цутгасан. Тамганы ул хэсэгт өргөн хүрээн дотор 4 эгнээ үгийн эхний 2 эгнээг манжаар, дараагийн 2 эгнээг монгол бичгээр “Халхын өрнө замын баруун гарын зүүн этгээдийн хошууг захирагч тамга” хэмээн товойлгон сийлжээ” гэсэн бичигтэй. 


Түүнчлэн тамганы суурийн нүүрэн хэсэгт “Dorolon-i jurgani araha” /Ёслолын яаманд үйлдэв/, суурийн хажууд “elhe taifin-i ɣыsin emъči aniya aniya biya” /Энх-Амгалангийн 31 /1692/ дүгээр он, цагаан сар/ гэсэн манж бичээс сийлжээ. 1692 онд манжууд Халх Монголыг цэргийн зохион байгуулалтын үүднээс болон засаг захиргааны хуваарь хийхэд зам болгон хуваасан ба Засагт хан аймаг бүхлээрээ өрнө зам гэж нэрлэх болсон тухай судалгааны ном бүтээлд тэмдэглэгдсэн байдаг.



Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан  Б.Гэрэлтуяа энэхүү тамганы тухай судалгаа хийсэн байна. Түүний судалгааны бүтээлд 1912 оны эхээр Засагт хан аймгийн чуулган даргаас Дотоод яаманд явуулсан нэгэн бичигтээ “...Манай халхчууд тулгар төр байгуулж тамга батыг шинэчлэн халж цутгуулан бүхий дор эртний хаадаас шагнагдсан тамга болбоос бас холбогдох хөнгөнгүй ... бид өөрсдөө хадгалж байгаад өргөн тушаах дор үнэхээр үл болох газаргүй мэт...” хэмээн тамгыг орон нутагтаа авч үлдсэн түүхтэй.  Бид Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ил тамгыг архивын баримт, сурвалжийн мэдээ, судлаачдын судалгаанд тулгуурлан “Засагт хан аймгийн мөнгөн барс бариулт тамга” бус “Засагт хан аймгийн Засагт ханы хошууны тамга” болохыг судлан тогтоолоо.

Ингэж нэгж үзмэрийн түүхийг тодруулснаар хошуу нутгийн түүх, тамга эзэмшигч нарыг тодруулах,  үзмэрийн мэдээллийг  үзэгчдэд  үнэн зөв хүргэх, манжийн үеийн тамганы талаарх судалгаанд зохих хувь нэмрийг оруулсан хэмээн үзэж байна. Тус тамга нь манжийн үеийн Засагт ханы гол хошуунд олгогдсон тамга хэдий ч улс орон оршиж, мандан бадарч, бутран доройдож байсан түүхийн бодит гэрч болон үлдээд зогсохгүй бөгөөд тамганы тухай үнэн бодит түүхийг тодруулахын хичээлээ” гэдгээ ч хэлж байсан юм.


Сонирхуулахад, тамга бий болон хэрэглэгдэж ирсэн нь нэн эртний түүхтэй бөгөөд ураг төрлийн байгууллын үед өмчийн ялгаа буй болон өөрийн эд хөрөнгийг бусдаас ялгах хэрэгцээ бий болсон тэр цагт тамга нь тэмдэглэх хэлбэрээр анх үүссэн аж. Харин Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсан хоёр мянганы тэртээ хүннүчүүд төрийн хэрэгт хаш тамгыг хэрэглэж байсан тухай эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ бичжээ.

Түүнчлэн монгол угсааны Тоба улсын хаан хүрэн цацаг оосортой алтан тамгатай байсан гэх мэдээг Д.Өлзийдолгор Монгол улсын төрийн тамга номд дурдсан байна. Мөн XIII зуунд Гүег хаан өөрийн бичсэн захидалдаа дарсан тамганы дардас эдүгээ Ватиканд хадгалагдаж байгаа. Тэрчлэн XV зуунд Тайсун хааны алтан тамгыг Цавдан ноён Хэрлэн мөрөнд шидсэн тухай сурвалжийн мэдээ гарна. Эдгээр баримт нь монголчууд эртнээс нааш төрийн хэрэгт тамга хэрэглэн шийтгэн явуулж байсныг илтгэнэ. 

Харин монголчууд XVII зууны дунд үеэс ээлж дараалан Манж Чин гүрний эрхшээлд орсноор уламжлалт тамганы хэрэглээнд өөрчлөлт орж хан, хутагт, олон хошуудын засаг нар тамга барих болжээ. 


Холбоотой мэдээ