МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ГОВЬ-АЛТАЙ: Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2025-10-08 13:34:28

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Наран сум одоогийн Халиун сумын харьяат, Монголын нэрт зохиолч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна.


Ил ажлын хүрээнд нэрт зохиолчийн уран бүтээл, оюуны өвийг алдаршуулах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор олон талт арга хэмжээг төлөвлөн Алтай хотноо өргөн дэлгэр зохион байгуулж эхэллээ.


Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат холбогдох албаны төлөөллийн хамтаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгаас төрөн гарсан нэрт зохиолч, уран бүтээлчид, ойг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөллийг 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлан талархал илэрхийллээ.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат аймгийн хөгжлийн өнөөгийн бодлого, хөтөлбөрүүд, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар товч мэдээлэл өгч, бүс нутгийн соёл, урлаг, оюуны өвийн тэгш хөгжилд зохиолч Л.Түдэв агсны оруулсан үнэт хувь нэмрийг тэмдэглэн хэлэв. Мөн ойн арга хэмжээнд оролцож буй эрдэмтэн зохиолчид, уран бүтээлчид, зочид төлөөлөгчдөд уран бүтээлийн амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр үр дүн гаргах итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Эрхэм хүмүүний мэндэлсний түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангийн хамт олон гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний нэрэмжит “ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМ”-ыг байгуулж зочид төлөөлөгч, уншигчдадаа танилцуулав.


Монголын оюуны ертөнцийн гэрэлт нэгэн од Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай сэтгүүлч, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний зохиол бүтээлд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа “ДУРСАМЖ” уулзалт хэлэлцүүлгээр Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын санд үргэлжилж байна.