ГОВЬ-АЛТАЙ: Өсвөр, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийг бууруулахад анхаарахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-07 16:43:50

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн өсвөр, залуучуудын 30 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй байгаа тухай “ӨС” сэдэвт сургалтын үеэр Клиник сэтгэл судлаач Роби Сондереггер танилцууллаа. 


Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 оны Хөгжлийн хөтөлбөрт тусгасан “Хамтын шийдэл- хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын хүрээнд өсвөр үе, залуучуудын сэтгэлзүйн эрүүл мэнд, хувь хүний хөгжлийг дэмжих “ӨС” сэдэвт сургалт 10 дугаар сарын 7, 8-нд болж байна.


Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Клиник сэтгэл судлаач Роби Сондереггер удирдаж буй бөгөөд тус аймгийн 18 сум, 2 тосгоны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, сургуулийн сэтгэлзүйч, дотуур байрны багш нар, хүүхэд, гэр бүлийн газрын мэргэжилтнүүд, насан туршийг боловсролын газрын багш нар хамрагдаж буй юм. Тэд сургалтаар өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай харилцах эерэг ур чадварыг эзэмшиж байгаа ажээ. 


“ӨС” сургалт нь өсвөр үеийнхний сэтгэлзүйн дархлааг бэхжүүлэх, EQ буюу сэтгэл хөдлөл удирдах чадварыг хөгжүүлэх зорилготой юм.


Клиник сэтгэл судлаач Роби Сондереггер хэлэхдээ, “Цаашид өсвөр, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийг бууруулах, хүчин зүйлийг олж мэдээд анхаарал тавьж ажиллах нь чухал” гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ