“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-21 13:06:55

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлаг хамтраад Монгол Улс, Швейцарын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.


Ялтсан дэвсгэртийг 999 сорьцтой, 5 грамм мөнгөөр үйлдвэрлүүлэхдээ Монгол, Швейцар хоёр улсын энх тайван, сайн сайхан байдлын төлөө хувиршгүй байдлыг тунхаглаж буй гүн гүнзгий утга санааг шингээжээ. Тус дэвсгэртийн хавтсан дээр сийрүүлсэн шүлгийн мөрүүд нь хоёр улсын сайн сайхан байдлын үндэс бол энх тайвныг цогцлоох явдал гэдгийг илэрхийлсэн байна.




Швейцарын хөгжлийн агентлаг, Монголбанк хамтран олон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Тухайлбал, орон нутгийн Үнэт металлын сорьцын лаборатори, үнэт металл худалдан авах нэг цэгийн үйлчилгээг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан. Ингэснээр үнэт металлыг зах зээлийн үнээр орон нутагт арилжих боломжийг бий болгож, 2018 оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл Дархан-Уул аймагт 7.8 тн, Баянхонгор аймагт 6.1 тонн үнэт металл худалдан аваад байгаа”-г дурсгалын зоосны нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэмдэглэв.


Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны Ерөнхийлөгч Лорэн Вээрли хэлэхдээ, “Манай орны төлөөлөгчид Монголын Засгийн газар, ард түмэнтэй дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо хамт тэмдэглэхээр ирээд байна. Хоёр улс газар зүйн хувьд хол зайтай ч ижил төстэй зүйл олон бий. Монгол Улс манай орноос 40 дахин том газар нутагтай. Уул ус, газар тариалан, энх тайван, ардчилал, хүний эрхийн төлөөх үйл хэргээрээ бид адилхан юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Бундан” ТББ-тай хамтраад “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлж, Афганистан, Киргиз зэрэг улсын зүрхний өвчтэй хүүхэд багачуулыг эмчлэхээр болсон. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг чадавхжуулах, Монгол, Швейцарын Парламент хоорондын түншлэлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх”-ийг тодотгож байлаа.



Монголбанкны Эрдэнэсийн сангаас өмнө нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, Австрали, Итали улсын дурсгалын зоос, ялтсан дэвсгэртийг худалдаанд гаргаж байсан юм. 



Холбоотой мэдээ