Дэлхийн II дайны үеэр живсэн Америкийн шумбагч онгоцыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-24 16:35:00

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 24 /BBC/. Дэлхийн II дайны үед Японы байлдааны олон хөлөг онгоцыг живүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцны үлдэгдлийг 80 жилийн дараа Өмнөд Хятадын тэнгисээс олжээ. 


USS Harder шумбагч хөлөг онгоц Филиппиний хойд хэсэгт орших Лузон арлын ойролцоо 914 м-ийн гүнээс олдсон байна. 1944 оны наймдугаар сарын 29-нд тэнгисийн тулалдааны үеэр живсэн хөлгийн бүхээгт багийн гишүүд болох 79 хүн байжээ.


АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Түүх, өв уламжлалын хэлтсийн /NHHC/ мэдээлснээр, уг хөлөг дайны сүүлчийн өдрүүдэд эргүүл хийх явцдаа дөрвөн өдрийн хугацаанд Японы эскадрын мина зөөгч гурван хөлөг онгоцыг живүүлж, өөр хоёр хөлөг онгоцонд ихээхэн хохирол учруулсан байна. Ингэснээр япончууд байлдааны төлөвлөгөөгөө өөрчилж, хөлөг онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудаа байрлуулахаа хойшлуулсан нь тэднийг ялагдахад нөлөөлжээ.


Филиппин бол Дэлхийн II дайны Номхон далайн гол тулааны талбаруудын нэг байсан юм. Филиппиний арлууд болон түүний эргэн тойрон дахь усанд Дэлхийн II дайны үеийн алдартай байлдааны хөлөг онгоцууд байдаг. 2015 онд АНУ-ын тэрбумтан Пол Аллен Филиппиний Сибуян тэнгист Японы хамгийн том хоёр байлдааны хөлөг онгоцны нэг болох Мусашигийн сэгийг олжээ.


Harder шумбагч онгоцыг Дэлхийн II дайны үед сураггүй болсон Америкийн 52 шумбагч онгоцыг эрж хайх зорилготой "Lost 52" төслийнхөн олжээ. Шумбагч онгоцны багийнхан дайнд гавьяа байгуулсныхаа төлөө Presidential Unit Citation гэдэг шагналыг хүртжээ.

Холбоотой мэдээ