ДАРХАН-УУЛ: Братск хотын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-27 14:37:25

Дархан, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод энэ сарын 23-25-ны өдрүүдэд эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаа боллоо. Форумд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун тэргүүтэй, төрийн байгууллага болон бизнесийн төлөөлөл оролцов.




2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Братск хоттой ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн форумаар талууд найрамдалт харилцаагаа улам гүнзгийрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгууллаа.




Өнгөрсөн таван жилийн хугацаанд худалдаа, эдийн засаг, нийгмийн салбарт хийсэн хэлэлцээрүүд Орос-Монголын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд чухал ач холбогдол үзүүлсэн гэж талууд дүгнэж байна. Мөн урлагаар дамжуулан хоёр орны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүрэн хэмжээний тоглолтууд зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон гэв.




Ах, дүүгийн найрамдалт харилцаатай ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ болж байна.




Урд өмнө нь зөвхөн Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчид оролцдог байсан бол энэ удаад төвийн бүсийн гурван аймгийн 30 гаруй бизнес эрхлэгч оролцож тус хотын иргэдэд бүс нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ худалдаж, үйл ажиллагаагаа өргөжүүллээ.




Аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Энэ удаагийн форумд бид Төв, Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгчийн төлөөллийг урьж оролцуулж байна. Дархан-Уул аймаг дангаараа хөгжил ярих бус бүсчилсэн хэлбэрээр аймгууд хөгжлийн нэг бодлогоор хамтран ажиллана.




Мөн гурван аймаг оролцож буй энэхүү үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж, бидний эхлүүлсэн найрамдалт харилцаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна гэв.




Братск хотын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд оролцсон Дархан хотын “Эко ноос” ХХК, Братск хотын “Альяск” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.



Холбоотой мэдээ