ДАРХАН-УУЛ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах Жоб төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-08 15:07:37

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, зуучлах зорилготой Жоб төвийг аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран өнөөдөр нээлээ.


Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлжээ.




Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт хүн амын 5.8 хувь нь ажилгүй гэсэн судалгаа бий гэдгийг ХХҮГ-ын дарга Д.Чадраабал мэдэгдсэн. Харин идэвхтэй ажил хайгч 400 гаруй иргэн бүртгэлтэй ч сул зарласан ажлын байранд төдийлөн очдоггүй гэдгийг онцолж байна.


Тиймээс ажилтай орлоготой Дарханыхан уриатай Жоб төвөөр дамжуулан хурдан шуурхай, найдвартай ажилд зуучлуулах боломжийг бүрдүүлж байна гэв.


Уг төвийг ХХҮЕГ, аймгийн ЗДТГ, ХХҮГ, Хөдөлмөрийн биржийн нэгдсэн холбоо, хувийн хэвшлийн “Монгол хүн хөгжлийн тулгуур” ХХБ, “Тунгаамал өсөх консалтинг” ХХК, “Анар алдар” ХХК-ийн “Үлэмж илүү ” ХХБ хамтран ажиллуулах юм.




Үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нэгдүгээрт ажилд зуучлах, хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулах, гуравдугаарт аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах, төлөвлөгөө, төсөл боловсруулах юм.


Жоб төв нь хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, ажил хайгчид, өөрөө өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн залуус, их дээд, мэргэжлийн сургуулийн оюутан, сурагч, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, түр оршин суугаа иргэд, гэр бүлд, хүүхдээ харж буй ээжүүд зэрэг бүх насныхантай хамтран ажиллана.



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн мэдээллийн ганцаарчилж зөвлөгөө өгөхөөс гадна ажлын байр санал болгох, хөдөлмөрлөх чадварын үнэлгээ хийх, хувийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, ямар ажил тохирохыг тодорхойлох, ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх ажээ.

Холбоотой мэдээ