Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
Тус марафон үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
Марафонд нэгдэж, оролцох хүүхэд бүр барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авах боломжтой. Мөн мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан, хүүхэлдэйн баатруудтай болон марафоны уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж, хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.
Марафон гүйлтийн хуваарь:
10.00-10.30 цагт нээлт
10.30-11.30 цагт гүйлт /6-7 нас/
11.30-12.30 цагт гүйлт /8-9 нас/
12.30-13.30 цагт гүйлт /10-11 нас/
13.30-14.30 цагт гүйлт /12-13 нас/
14.30-15.30 цагт гүйлт /14-15 нас/
15.30-16.30 цагт гүйлт /16-17 нас/
16.30 цагт хаалт