Индонез улс Өмнөд Хятадын тэнгист өргөн хүрээтэй цэргийн сургуулилт хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО./TASS/. Индонез улсын агаарын цэргийн хүчин өчигдөр Өмнөд Хятадын тэнгис дэх Натун гэдэг бүлэг арлуудын орчимд тус улсын түүхэнд хийж байгаагүй өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилт явуулсан байна.
Эдгээр арлуудын ойролцоох усанд Хятадын загасчид нэвтрэх тохиолдол олонтоо гардаг ажээ.
Сургуулилтыг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо болон цэргийн өндөр дээд албан тушаалтнууд ажигласан байна. Сургуулилтад Индонезийн агаарын цэргийн хүчний Су-27 болон F-16 маркийн хэдэн арван нисэх онгоцууд оролцож, тус улсын нутаг дэвсгэрт хамаарах тэнгисийн усанд нэвтрэх болон далайн тээвэрт саад хийх гэсэн оролдлогуудыг таслан зогсооход чиглэсэн хувилбаруудыг туршжээ.
Үүнтэй холбоотойгоор Индонезийн ГХЯ мэдэгдэл гаргаж, энэ удаагийн сургуулилт нь Индонезийн тал цэргийн сүр хүчээ Бээжинд харуулах гэсэн оролдлого хэмээн хардаж байгааг няцаасан байна. Мөн Индонезийн зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэгдэхдээ, дээрх сургуулилт бол баталсан төлөвлөгөөний дагуу хийж буй ээлжит арга хэмжээ гэдгийг дурдлаа.
Натун бүлэг арлууд бол Индонез улсын харьяаных гэх үндэслэлийг Хятадын эрх баригчид үгүйсгэсээр байгаа юм. Энэ онд гэхэд Индонезийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Хятадын загас агнуурын хөлөг онгоцуудыг саатуулсан тохиолдол гурван удаа гарчээ.
Б.Адъяахүү