Астропарк 10 жилд 100 мянган хүүхдэд одон орон, сансар судлалын шинжлэх ухааныг таниулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-06-03 08:46:05

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн 10 жилийн ой тохиож байна.


Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн санаачилгаар одон орон, сансар судлалын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны ололт амжилт, цаашдын чиг хандлагыг таниулах зорилготойгоор 2014 онд тус паркийг байгуулсан. Энэ хугацаанд 100 мянга гаруй хүүхдэд одон орон, сансар судлалын шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл олгожээ. 

Астропаркийн 10 жилийн ойг тохиолдуулан тоног төхөөрөмжийг нь шинэчилж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, дижитал шийдэл бүхий өндөр хүчин чадалтай планетариумын тоног төхөөрөмж, одон орны загварчлалын программ хангамж болох Sky Explorer-ийг ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна. 


1981 онд монгол хүн сансарт анх ниссэнээс 30 гаруй жилийн дараа монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээсэн анхны жижиг оврын хиймэл дагуул “Мазайлай”-г сансрын тойрог замд оруулсан. Энэ нь Монгол Улс хоёр дахь удаагаа сансарт гарсан томоохон үйл явдал болсон юм. Одоо дараагийн хиймэл дагуул “Тэмүүлэл”-ийг монгол эрдэмтэд гардан гүйцэтгэж байна. Түүнчлэн хоёр дахь монгол хүний сансарт нисэх бэлтгэл хангаж байгаа юм. 


Астропаркийн 10 жилийн ойн ёслолд ОХУ-ын баатар, Монгол Улсын баатар, ОХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков хүрэлцэн ирж хүндэт зочноор оролцлоо.







Холбоотой мэдээ