С.Энхтогтох: Монголчууд малынхаа арьс ширийг элдээд номоо хавтасладаг байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сум, сургууль, соёлын төвд 44 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс аймгийн Төв номын санд 60 мянга орчим ном байгаагаас номын фондод 42 мянга байгаа юм.
Монголын болон гадаадын уран зохиол, шинжлэх ухааны салбарын, хүүхдийн уран зохиолын номоор фондын сан хөмрөг бүрдсэн байдаг. Тэдгээр дотор эртний ховор болон үнэт номууд багтана. Аймгийн Төв номын сангийн сан хөмрөгч С.Энхтогтохтой цөөн хором хөөрөлдлөө.
-Аймгийн номын санд байгаа ховор, сонин номуудаас танилцуулна уу?
-Манай Төв номын санг 1946 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн харьяанд "Бага хурлын номын сан” нэртэйгээр байгуулсан түүхтэй. Тэр үед МАН-ын идэвхтэн гишүүдээс бэлгэнд ирүүлсэн 1300 номоор фондоо бүрдүүлж байсан гэдэг. Энэ олон жилийн хугацаанд үнэ цэнээ алдаагүй, уншигчдын эрэлт хэрэгцээг хангасаар байгаа ховор ном бүтээлүүд бий.
Хамгийн эртний, зөвхөн Өвөрхангай аймгийн Номын санд хадгалагдаж байгаа хоёр бүтээл байдаг. Энэ нь Нанжвандан Дүйнхэр бурхны үсгэн хураангуйтай, мөн Сосорбурамын буу буюу Банзрагчийн сахиус гэсэн модон барын номууд юм. Он цагийн хувьд хэзээнийх гэдэг нь тодорхойгүй байдаг.
Гэхдээ 1730-аад онд байгуулсан Арвайхээрийн хүрээ нь ном судар хэвлэн олшруулдаг Барханаараа алдартай байсан. Ном судрыг чанарын өндөр түвшинд хурдан хугацаанд барлан олшруулдаг 14 барын хийд байдаг байсан гэж ярьдаг юм. Тэр үеийн модон бар болов уу гэж бодож байна.
Бичгийг нь Өндөр гэгээний соёмбо үсгийн бар гэж үзэж байсан ч тод үсгийн бар гэдгийг сүүлд хүн тайлж хэлсэн.
Ийм чухал ном он цаг дамжиж ирээд яг хуучны загвар хийцээрээ манай Номын санд соёлын үнэт өв болоод хадгалагдаж байгаад бахархдаг.
-Модон барын ном гээд байдаг. Энэ нь ямар учиртай вэ?
-Эрт дээр үед ном судруудыг олонд түгээн сурталчлахын тулд олшруулан тараадаг байсан. Ингэхдээ модон дээр судар номыг сийлээд тамга шиг дарж олшруулдаг байж. Энэ нь одооны бидний хэрэглэдэг каноны эх үүсвэр юм даа.
-Өөр ховор сонин номууд юу байна вэ?
-Соёлын баримтат өвийн цаасан суурьтай дурсгалууд болох Жадамба судар, Бээжин барын судар, Дулба, Дулбагийн тайлбар судар зэрэг номыг Гандангийн лам нараас зөвлөгөө авсны дагуу хаягжуулан хадгалж байна.
Түүнээс гадна 1947 онд уйгаржин монгол бичгээр болон 1957 онд кирилл үсгээр бичиж хэвлүүлсэн Монголын нууц товчоо, 1958 оны уйгаржин монгол бичгээр болон 1963 онд кириллээр хэвлэгдсэн Жангар, 1967 онд хэвлэгдсэн “Алтан товч” зэрэг номууд байна.
Төвөд-Монгол бичгээр бичсэн Саран хөхөөний намтар, Зая Гэсэрийн тууж, Монгол-Төвөд дохионы бичиг, Шидэт хүүрийн үлгэр, Халх журам зэрэг хуучны үнэт ховор номууд манай фондонд бий. Энэ номуудыг шинэчилж хэвлээгүй, анхны хэвлэлтээрээ байгаа.
-Энэ ямар зузаан ном бэ. Хэдэн хуудастай байна?
-Төвөд, Монгол дохионы бичиг гээд 1959 оны ном. Одоо байгаа нь 943 хуудастай. Араасаа хэдэн хуудас байхгүй юм билээ. Анх 5000 ширхэг хэвлэсэн байна. Бас үхрийн ширэн хавтастай номууд бий. Дээр үед малынхаа арьс ширийг элдээд номоо хавтасладаг байсан. “Аймгийн эвлэлийн ухуулах боловсруулах эрхлэгчдийн зөвлөлийн хурлын товч тогтоол” гээд 1931 оны энэ ном гэхэд үхрийн ширэн хавтастай. Бас 1931 оны “Нийгэм журмын яам” гээд анхны өнгөтэй ном байна.
- Дээр үед бас өнгөтэй ном хэвлэдэг байсан байх нь ээ. Яаж хэвлэдэг байсан бол?
- Бэх нь өнгөтэй байсан болов уу.
-Та номын санд олон жил ажиллаж байна. Номын судалгааны ажил нэлээн хийв үү?
-Би 2005 оноос 20 жил ажиллаж байна. Номын санчаа хийхийн хажуугаар ном зүйн лавлагаа, судалгааг хийдэг. Уншигчдын хүсэж байгаа номыг энэ лавлагааны тусламжтайгаар хурдан хялбар олж өгдгөөрөө ач холбогдолтой. Анх “Ухаан далай номоос эхтэй” 12 боть, Бүрэн дунд боловсролын түвшинд унших уран зохиолын таван боть, “Монголын уран зохиолын дээж” есөн боть номд ном зүй хийсэн.
Дараа нь Өвөрхангай аймгийн зохиолчдын зохиол бүтээлийн ном зүйн анхны лавлах номыг хэвлүүлсэн. Үүнд 1950 оноос хойших 105 зохиолчийн 850 бүтээлийг багтаасан байна. Мөн хоёр дахь “Өндөр гэгээний авшигтай Өвөрхангайн зохиолчдын зохиол бүтээлийн ном зүй”-д 2010-2022 онд хэвлэсэн бүх зохиолч, идэвхтэн бичиг, албан газрууд, сумдын ойн номыг багтаасан. Үүнд 370 зохиолийн 1300 бүтээлийг оруулсан. Энэ ажил Өвөрхангай аймагтаа төдийгүй улсад анхных болж, хэд хэдэн аймгийн Номын санчид надаас туршлага судлан аймгийнхаа зохиолчдын ном зүйн лавлагаа гаргасан байдаг.
Бид Өндөр гэгээн гэж их ярьдаг хэрнээ түүний холбогдолтой зохиол, бүтээлийн судалгааг хийгээгүй байсан. Энэ ажлыг барьж аваад Өндөр гэгээн Занабазарын болон түүний зохиосон соёмбо үсэгт холбогдох 58 номыг олж ном зүй бичлээ. Мөн байгууллагынхаа 70 жилийн ойд зориулсан номыг баринтаглаж хэвлүүлсэн.
-Номын санч мэргэжлийн сайхан нь юунд оршдог вэ?
-Би номын санч мэргэжилтэйдээ маш их бахархдаг. Яагаад гэвэл энд зовлон тоочсон биш, оюундаа хөрөнгө оруулалт хийх, мэдэх, шинийг эрэлхийлэх гэсэн гэгээлэг хүмүүс ирдэг. Тийм хүмүүсийн оюуны хэрэгцээг хангаж байдаг нь хамгийн сайхан юм. Тэгээд шинээр хэвлэсэн номыг хамгийн түрүүнд уншиж, бүртгэж авдаг. Бухимдах зүйл байхгүй, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой, маш сайхан ажил шүү дээ.