И.Свёнтек Францын нээлттэй тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-09 11:58:45

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 9 /AFP/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Ига Свёнтек бямба гарагт Жасмин Паолиниг хожсоноор Францын нээлттэй тэмцээний гурав дахь дараалсан түрүүгээ хүртлээ.


Дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Польшийн теннисчин И.Свёнтек “Ролан Гаррос”-ын финалын тоглолтод дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж буй Италийн тамирчныг ердөө 68 минутад 6:2, 6:1 харьцаагаар буулган авчээ.


Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 23 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн И.Свёнтек Францын нээлттэй тэмцээнд гурав дараалан түрүүлсэн гурав дахь эмэгтэй тамирчин боллоо. Өмнө нь Югослав-Америкийн теннисчин Моника Селеш (1990-1992), Бельгийн тамирчин Жюстин Энен (2005-2007) нар ийм амжилт үзүүлж байв.


Финалын тоглолтод ялснаар Польшийн теннисчин бүсгүй Ролан Гаррос”-ын хожигдолгүй цувралаа 21 болгож ахиулсан байна. Тэрбээр Парист хамгийн сүүлд 2021 оны тэмцээний шөвгийн наймын тоглолтод Грекийн тамирчин Мариа Саккарид хожигдож байжээ.


Харин энэ удаагийн тэмцээнээс өмнө Ролан Гаррос”-ын гуравдугаар шатанд шалгарч байгаагүй Ж.Паолинигийн хувьд анх удаагаа дэлхийн чансааны шилдэг 10-т багтах болзлоо хангасан бөгөөд тэрбээр ирэх долоо хоногт зарлах шинэ чансааны долоодугаарт бичигдэх юм. Өдгөө 28 настай тэрбээр Франческа Скьявоне, Флавиа Пеннетта, Сара Эррани, Роберта Винчи нарын дараа дэлхийн шилдэг 10-т багтсан тав дахь Итали тамирчин болно.

Холбоотой мэдээ