СҮХБААТАР: Модон барилдааны тэмцээнийг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-10 10:10:34

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад эрчимтэй хөгжиж буй төрлийн нэг билээТэгвэл энэ спортыг орон нутагт мөн хөгжүүлж байна. Шүүх шинжилгээний байгууллагын 80 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн ШШХээс модон барилдааны аймгийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа.



Сүхбаатар аймагт энэ жил анх удаа, модон барилдааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь энэ спортын төрлийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлахад хийж байгаа томоохон алхам юм. Сүхбаатар аймгийн ШШХээс дөрөвдүгээр сард мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг авчирч сургалт зохион байгуулж, энэ спортын талаар анхны мэдэгдэхүүнийг иргэдэд өгч, орон нутагтаа сургагч багш бэлтгэж байсан. Түүнээс хойш энэ төрлийн спортыг сонирхох, түүгээр хичээллэх тамирчид нэмэгджээ.



Мас-рестлинг буюу модон барилдаанаар сонирхон хичээллэгсдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь цаашид хөгжих боломж байгааг харуулж байна. Анхдугаар тэмцээнд 16 байгууллагын 50 гаруй тамирчин оролцож маш өрсөлдөөнтэй боллоо. Тамирчид хоёр төрөлд, таван жингийн ангиллаар өрсөлдсөн. Хэнтий аймгаас энэ төрлийн спортоор тив, дэлхийн тэмцээнээс медальтай тамирчнаар ахлуулсан баг ирж ороцлсон нь онцлог байлаа гэж ШШХийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Идэрбат яриалаа.



Хэнтий аймгийн тамирчин, Модон барилдааны Ази тивийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Өнөрбат тэмцээний +80 килограммын жинд түрүүлсэн. Тэрбээр хэлэхдээ, "Орон нутагт шинээр хөгжиж буй спорт, анх удаа болж байгаа тэмцээн гэхэд тамирчид маш сайн байлаа. Бид аймгаасаа зургуулаа ирсэн ч дөрөв нь ялагдсан. Энэ нь Сүхбаатар аймгийн тамирчид сайн байгаагийн илрэл. Модон барилдаан нь хүнд тэсвэр хатуужлыг суулгаж, бие бялдрын тэгш хөгжлийг бий болгодог. Барилдааны арга, техникийг илүү судлаад ирвэл маш сонирхолтой спорт. Тиймээс орон нутгийн залуусыг энэ спортоор хичээллээсэй гэж хүсэж байна" гэв.


Шинэ төрлийн энэ спортыг сонирхох хүүхэд, залуус их байгаа учир цаашид тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. 

 

Холбоотой мэдээ