Монголд 5-17 насны 138500 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-12 13:35:06

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох дэлхийн өдрийг “Амлалтаа биелүүлье. Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриан дор тэмдэглэхээр болжээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. 


Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн аливаа практикийг хориглох, устгах үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны 138500 хүүхэд бий гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм. Мөн хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь хөвгүүд байдаг ажээ. 


Тодруулбал, 5-17 насныхны дунд таван хөвгүүн тутмын нэг нь, найман охин тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна. Байршлаар нь авч үзвэл, нийслэлд дээрх насны 10 хүүхэд тутмын нэг нь, орон нутагт гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь аюултай ажил хийдэг аж. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх байдаг юм байна.

Холбоотой мэдээ