Олимпын эрх олгох байт харвааны сүүлчийн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-13 09:08:38

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Туркийн Анталья хотод байт харвааны дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ.


Парисын Олимпын эрх олгох энэхүү сүүлчийн тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорих юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар цэц сорих бол эмэгтэйчүүдээс Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө.


Монголын харваачдаас олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд ганцаараа эрх авсан бөгөөд дээрх тэмцээнээс дахин 1-2 эрх авах зорилго тавьжээ.


Ташрамд дурдахад, энэхүү тэмцээн Монголын шигшээ багийн хувьд Олимпын эрхээ нэмэгдүүлэх сүүлчийн боломж юм. Одоогоор манай улс 30 эрхтэй байгаа бөгөөд усанд сэлэлтийн төрөлд тивийн квотоор 1-2 эрх нэмэх боломжтой байна. 

Холбоотой мэдээ