БУЛГАН: Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төвийг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-14 16:09:48

Булган, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Хялганат тосгоны Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги болон Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар ангийн шинээр ашиглалтад орсон байр болон бусад үйл ажиллагаатай танилцлаа.


Тус ангийн удирдлагууд гамшгийн бэлэн байдал, цаг үеийн мэдээллийг танилцуулж, аймаг орон нутгийн удирдлагуудтай нээлттэй хамтарч ажиллах талаар ярилцлаа.


Анх 1975 онд ашиглалтад орсон, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны татан буугдсан мод бэлтгэлийн үйлдвэрийн объектыг шинэчлэн засварлаж Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төвийг байгуулжээ.

Тус байгууллагын зорилго нь мод үржүүлэх, байгалийн доройтолд өртсөн газарт судалгаа шинжилгээ хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. Мөн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тарьж байгаа мод, бут, жимс жимсгэнэ, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,  нэгдсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилготой юм.  

Ган болон хүйтэнд тэсвэртэй үр тариа, ургамлын тарьц, суулгацын шинэ сорт гаргах, гамшгаас хамгаалах болон экологийн боловсрол олгох, хүний нөөцийг сургаж бэлтгэх, модны тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, эхний жилд 10 гаруй нэр төрлийн 2 сая гаруй мод, бут сөөг тарьж үрслүүлэх, цаашдаа жилд 1.9 сая тарьц, суулгац нийлүүлэх ба 2030 он хүртэл 15.5 сая гаруй модны тарьц, суулгац нийлүүлэх юм.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 60 гаруй мэргэжилтэн, албан хаагчтай ажиллана. 

Энэ төвийг байгуулснаар тухайн бүс нутагт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгаль экологид учирсан хохирлыг багасгах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын байгууллага тэргүүлэх чиглэлд ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд чиглэж байна.




Холбоотой мэдээ