ЗАВХАН: Үерт 449 иргэн өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-18 11:35:19

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай суманд уруйн үер буусны улмаас 131 га талбай, 158 өрхийн 449 иргэн үерт өртөөд байна.


Уруйн үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хийж байна.


Одоогийн байдлаар Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15 өрхийг нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгааллаа.


Цаашид үерт өртсөн Жинст багийн 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж байна.
-Гол мөрний үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг бөгөөд энэ жилийн хувьд хур тунадасны хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давсан. Богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид санууллаа.
Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байна.
Тиймээс иргэдийг үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар Завхан аймгийн Онцгой байдлын газраас зөвлөв.
-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх.
Үерийн аюултай бүс нутгаас нүүх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих.
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулах.
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх.
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх.
Ялангуяа өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



Холбоотой мэдээ