Номын сангийн түүхэн ойн үеэр 120 гаруй захидал иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төв номын сан 70 жилийн ойгоо амжилттай тэмдэглэлээ.
Түүхэн ойд номын сангийн үе үеийн удирдлагууд ажиллаж байсан ахмадууд, зохиолч яруу найрагч гээд 80 гаруй хүн оролцжээ. Түүхэн ой Бэгзийн Явуухулан найрагчийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж номын сангийн түүхэн 70 жилийн онцлох үйл явдлуудыг өгүүлсэн 230 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгээр үргэлжиллээ. Мөн Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангийн фондод хадгалагддаггүй эртний ховор номыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээж буй “Номын санд байхгүй ном” уралдааны 120 гаруй ховор номыг дэлгэн үзүүлсэн байна.
Номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилтэд технологтой хослуулж хүн бүрт мэдээлэл хүргэж байгаа төв номын сан энэ өдрүүдэд нээлттэй ажиллаж 120 гаруй санал хүсэлт захидлыг хүлээн авчээ. Захидлуудад номын сангийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, явуулын номын санг үргэлжлүүлэх, гэр бүлийн номын сангийн танхимыг мөн сэргээн үйл ажиллагааг нь өргөтгөх гэх зэрэг саналууд иржээ.
Дашрамд дуулгахад Завхан аймгийн төв номын сан 1946 онд аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтойгоор анх байгуулагдсан түүхтэй. Харин Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 109-р тогтоолоор төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит болсон. Өнөөдөр тус номын сан нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, тогтмол хэвлэл болон гэрээр ном олгох тасаг, ном зүй мэдээллийн тасаг, англи хэлний сургалтын болон гэр бүлийн номын сан гэсэн танхимуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Б.Мягмарсүрэн