ДОРНОГОВЬ: "Жаргалан" зуслан амрагч хүүхдүүдээ авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотоос урагш 15 км-т байдаг “Жаргалан” зуслан амрагч хүүхдүүдээ энэ сарын 12-ноос эхлэн авчээ.
Хүүхдүүд нэг ээлждээ гурав хоног амрах бөгөөд төлбөр нь 150 мянган төгрөг байна. Зусланд амарч байгаа хүүхдүүд хоорондоо танилцаж, спортын уралдаан тэмцээнээр өрсөлдөх, хөгжөөнт тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна. Зуслан долоодугаар сарын 2-ныг хүртэл ажиллана.
Хүүхдийн зусланг 2022 онд улс, орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд амрагч хүүхдийн нийт 28 байр, ажилчдын дөрвөн байр, хооллох танхим, нийтийн ариун цэврийн байр, нийтийн халуун ус, анхны тусламжийн зэрэг 33 барилга байгууламжтай.