ӨВӨРХАНГАЙ: Үер усны аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-20 12:40:41

Арвайхээр, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Өвөрхангай аймагт бороо их орж байна.


Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орсон бол өнөөдөр 14:00 цагаас эхлэн ахиу хэмжээний бороо орох, ялангуяа  6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр аюулт үзэгдлийн хэмжээнд хур тунадас орохыг Ус цаг уур орчны шинжилгээний албанаас анхаарууллаа.


Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Бүрд сумын нутгаар салхины хурд 14-16 м/с хүрч агаарын температур харьцангуй сэрүүснэ.


Иймд үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнтэй үлдээх, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Өнгөрсөн долоо хоногт Богд, Нарийнтээл суманд үер буусны улмаас 400 толгой бог мал усанд үйж хорогджээ. 



Холбоотой мэдээ