Дөл тоглолт амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:31:40

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын Дөл цогцолбор тэмцээний шалгаруулалтыг энэ сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээний Бэлчирийн бүсийн шалгаруулалтыг Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн Цэргийн штаб хамтран Сүхбаатар суманд, Ерөө бүсийн шалгаруулалтыг Ерөө сумын ЗДТГ, ЕББДС, Соёлын төв хамтран Ерөө суманд зохион байгуулав. Бэлчирийн бүсэд Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургууль, Спорт сургууль, Алтанбулаг сум, Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р ангийн сурагчид, Ерөө бүсийнхэд Ерөө, Хүдэр, Жавхлант сумдын 9-11-р ангийн сурагчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.

“Дөл” тэмцээн дасгалжуулагч багш нарын тэмцээн, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2 дугаар 16 тоот гимнастик, урлагийн номер, ханын сонин, "Ялалтын тугаа мандуулъя" марш гүйлт зэрэг төрлүүдээр зохион явагдсан. Тэмцээнд сургууль бүр 11 сурагч бүхий багийг бүрдүүлэн оролцлоо. Ингээд тэмцээний дүн гарахад бэлчирийн бүсээс нийт дүнгээр Алтанбулаг сумын “Хилчин” баг тэргүүн байрыг эзэлж, тэмцээний дараагийн шат болох аймгийн хэмжээний шалгаруулалтанд оролцох эрхийг авсан бол удаах байрт Сүхбаатар сумын “Спорт” сургуулийн баг, 6 дугаар сургуулийн багууд тус тус шалгарсан. Харин Ерөө бүсээс тэргүүн байрыг Ерөө сумын ЕББДС-ийн сурагчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ