ӨМНӨГОВЬ: Говийн байгаль, түүхийн музейд 211 судар бүртгэлтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-24 16:58:11

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейд баримтат өв болох 211 судар бүртгэлтэй байдаг.


Эдгээр гайхалтай түүхийн судруудаас Есөн эрдэнийн судар, Жадамба, Сундуй зэрэг ховор нандин, дахин давтагдашгүй судруудыг танилцуулж байна.


ЕСӨН ЭРДЭНИЙН СУДАР


Есөн эрдэнийн судар нь 18-19 дүгээр зууны эхэн үед болгомол хар дэвсгэртэй цаасан дээр алт мөнгө, оюу, шүр, тана, зэс, номин, ган зэрэг эрдэнээр бичсэн Хутагт Доёд жагвын зүрхэн хэмээх хөлгөн судар юм.

 

Судрын эхний хуудасны голд Бурхан багшийн хөрөг, 2 талд Авид бурхан, Доёд шагва зэрэг бурхны зургийг байршуулан өнгө ялган зуржээ. Мөн судрын арын хуудсанд алтаар зурсан 10 бодь суварга, насны 3 бурхныг өнгө ялган зуржээ.


 

Есөн эрдэнийн ганжуурын 110 ботийн нэг боть агь тарнийн бүлэг бөгөөд Бурхан багшийн айлдсан зарлигийн орчуулга гэсэн төвөд үг бөгөөд буддын шашны дээдийн дээд ном билээ.


Олон давхар нягт хар цаасан дээр төвөд гар бичмэлээр бичсэн модон хавтастай энэхүү түүхэн судар нь өнө удаан жилийн элэгдлээс шалтгаалан зарим хуудасны зах ирмэг нь сэмэрч, голоосоо 14 хуудас дутуу хадгалагдаж байна.


 

Монголчууд эрт дээр үеэс өөрсдийн эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт эрдэнэс болох алт мөнгө, шүр, сувд, номин, оюугаас гадна зэс, ган, таныг нарийн жороор боловсруулан бэх бэлдэж, тусгайлан боловсруулсан хар цаасан дээр эрдэнүүдээр бүтээсэн бэхээр тодорхой дэс дараатайгаар эгнээ эгнээгээр бичсэн нь гайхалтай нэн ховор бүтээл юм.

Монгол Улсын Засгийн газраас 2002 онд тус судрыг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэсэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвд 2013 онд бүртгэжээ.

 

ЖАДАМБА СУДАР


Монгол бараар, болгомол цаасан дээр уйгаржин монгол бичгээр 18-19 дүгээр зууны эхэн үед бичсэн иж бүрэн хөлгөн судар юм.


Модон хавтастай, шар даавуун баринтагтай. Нэлээд элэгдэлд орсон, зах ирмэг хэсгээрээ сэмэрсэн. Музейн сан хөмрөгт 2012 онд бүртгүүлжээ.




Жадамба судар бол буддын гүн ухааны хоосон чанарын тухай өгүүлдэг. Ганжуурын тэргүүн боть бөгөөд Жадамба судрын дээр ном залж болдоггүй.


Бурхан багшийн эрхэм зарлиг бүхний охь шим, их хөлгөний тухай бичжээ. Жадамба судрыг залсан газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн монголчууд эрт дээр үеэс гэр орон, сүм хийддээ залж, шүтэн дээдэлж ирсэн уламжлалтай.

Судар нь 296 хуудастай, 8 мөр,13,5 x 61 см хэмжээтэй.


 

МОНГОЛ ҮСГЭН СУДАР


Болгомол цаасан дээр монгол бар болон монгол бичгээр бичсэн 19 дүгээр зууны бүтээл юм. Судрыг улаан бэхээр сийрүүлэн бичжээ.  Музейн сан хөмрөгт 2019 онд шилжүүлгээр бүртгэжээ.



Бурхан багшийн сургаалд айлдсанаар хүнд гарц байгаа алив саад тотгор, насны цөвийг засахад энэ номыг уншдаг. Сундуй судар бол Бурхан багшийн олон сургаал номлолоос гадна бурхан шашны олон урсгалыг үндэслэгч дээдэс мэргэдийн гүн ухаан ерөөл, буян хишгийн тарни ихийг багтаасан.




Энэ судрыг гэр орондоо залж, жилдээ нэг уншуулж байхад заслын дээд номын хаан хэмээн монголчууд эрхэмлэн дээдэлж иржээ.


Өмнөговь аймгийн говийн байгаль, түүхийн музейд хадгалагдаж байгаа түүхэн, ховор номын мэдээллийг музейн эрдэм шинжилгээний ажилтан Л.Болормаа өглөө.  

 

Холбоотой мэдээ