БАЯНХОНГОР: Гол, нуурын усны түвшин ОЖД-аас харьцангуй бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-26 11:44:33

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томоохон гол, нуурын усны түвшин олон жилийн дунджаас харьцангуй бага байгааг УЦУОША-наас мэдээллээ. 


Тодруулбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 60 см буюу олон жилийн дунджаас /ОЖД/ 70 см, Богд сумын Түйн гол 91 см буюу ОЖД-аас 7 см, Шаргалжуут гол 70 см буюу ОЖД-аас З6 см бага байна. 


Хангайн нуруунаас эхтэй Галуут сумын Цагаантуруут 150 см ОЖД-аас 10 см, Заг 295 см ОЖД-аас 6 см, Байдраг-Байдраг 108 см ОЖД-аас 4 см, Баянбүрд 134 см ОЖД-аас 21 см, Гурванбулаг сумын Шар-Ус 47см ОЖД-аас 16 см бага байна. 


Харин Хөх нуур усны түвшин 140 см, Бөөнцагаан нуур усны түвшин 194 см байгаа бол Орог нуур ширгэсэн байдалтай байна. 


Ташрамд мэдээлэхэд, Энэ сарын 27, 28, 29-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороотой, борооны өмнө түр зуур ширүүсэхийг УЦУОША-наас мэдээлэв.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 хэм, өдөртөө +22...+27 хэм, хээр талын нутгаар шөнөдөө +13...+18 хэм, өдөртөө +25...+40 хэм дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө  +13...+18 хэм, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +25...+27 градус, өдөртөө +38...+40 хэм дулаан байна. 

Холбоотой мэдээ