АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирлыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай Жесси Танненбумыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Төрийн Департаментаас Монгол Улсын шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чиглэлээр үр дүнтэй хэрэгжүүлэх төслийн санаачилгуудыг хүлээж авахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй. Нээлттэй зарласан энэхүү төслийн сонгон шалгаруулалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Хуульчдын холбоо хамтарч оролцох боломжийн талаар талууд ярилцав. Мөн төслийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, хэрэгцээ шаардлагын тухай санал солилцсон аж.
Уулзалтад АНУ-ын Хуульчдын холбооны Хуулийн гадаад зөвлөх Х.Наранбулаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сугармаа нар оролцлоо.