ДУНДГОВЬ: Дэрэн суманд тарвага нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-01 11:03:06
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Байгаль орчин хамгаалах сангийн хөрөнгөөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж, 4 бүл, 31 тарвагыг сэлгэн байршууллаа.


Энэ жил тус сумын 100 жилийн ой тохиож буй. Түүхэн ойгоо угтаж, орон нутгийнхаа биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Дэрэн сумын ЗДТГ, "Авралын эрэлд" ХХК-тай хамтран тарвага нутагшуулах ажлыг ийнхүү зохион байгуулжээ.


Тарвага газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Энэ үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга Л.Амартүвшингээс тодруулахад, “Манай суманд 2000 оноос өмнө тарвага элбэг байсан. Байгаль цаг уурын нөхцөл, ган, зудаас болж тарвага байхгүй болсон юм.


Тиймээс энэ жил тарвага нутагшуулах ажлыг эхэллээ. Тарвага сэлгэн нутагшуулах ажлыг Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Бүүвэй, мэргэжилтэн С.Батзориг нар гардан зохион байгуулж, Хустайн нуруунаас 4 бүл, 31 тоо толгой тарвагыг орон нутагт хүлээлгэн өгсөн.


“Авралын эрэлд” ХХК мэргэжлийн байгууллагын хувьд 2 жил хариуцаж, ажиглалт хийнэ. Нутгийн малчид, иргэд тарвага байрших газар, орчмыг тайван байлгаж, харж хамгаалах байх гэж найдаж байна” гэлээ.


Дэрэн сум 100 жилийн ойгоо угтаж байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах ажлыг зохион байгуулж байгаагаас гадна сумын төвдөө жишиг гудам байгуулах, наадмын талбайн өргөтгөл хийх, ногоон байгууламжийн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. 



Холбоотой мэдээ