Энэ жилийн улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:51:15

Сумдын тариа хураалт энэ сарын 15-нд дуусна

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт, Хурх, Биндэр, Баян-Адарга сумдын намрын тариа хураалтын ажил байдалтай танилцав.

Аймгийн хувьд энэ жил 30 мянган га талбайд үр тариа тарилсан юм. Гэвч зуны эхэн сар гандуу, хуурайшилттай байсны улмаас тариалсан үр тарианы тал хувь нь ганд нэрвэгдэж, ургац алдсан байдалтай байна. Мөн 27 мянган га талбайд улаан буудай тарилсаны 14 мянган га талбайгаас улаан буудай хураах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани ажиллаж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлын улмаас 9 сар гаргаж, тариа хураалтын ажлаа эхэлжээ.

Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх “Өнөөдрийн байдлаар тариа хураалтын ажил дундаа орж, ажил жигдэрсэн байдалтай байна. Үүнээс үзэхэд  энэ сарын 15 гэхэд аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил дуусна” гэв.

Энэ жилийн улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувь байна 

Энэ намрын хувьд тариаланчид га-аас дунджаар 6-аас 7 центнер ургац хураан авч байгаа нийтдээ 7000 орчим тонн үр тариа хураан авахаар ажиллаж байгаа юм. Энэ жилийн хувьд хэдийгээр ургац бага авч байгаа боловч хураасан улаанбуудайн чанар маш сайн байгааг тариаланчид хэлэв. Учир нь  лабораторийн шинжилгээгээр улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувь байгаа нь улаанбуудайн чанар өндөр байгааг илтгэж байгаа аж. Тухайлбал: Өлзийт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй “Өлзийт-Энсада” ХХК энэ жил 5500 га талбайд тариалалт хийснээс 2500 га-г уриншилж, 3000 га-аас 2000 тонн ногоон тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Харин “Атар чандгана сүү” ХХК-ны хувьд 150 гаруй саалийн үнээтэй бөгөөд 400 гаруй тонн хадлан бэлтгэжээ. “Энсада Истерн” ХХК нь намрын тариа хураалтын ажлаа 8-р сарын 20-оос эхэлсэн бөгөөд тариа хураалтын ажил 30 хувьтай явагдаж байна.

Нийтдээ 5000 га-д үр тариа тариалсанаас буудайн болц гүйцээгүйн улмаас ногоон тэжээл бэлтгэж байна.

Буудайн болц гүйцээгүйн улмаас ногоон тэжээл бэлтгэж байна

Хурх сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” ХХК энэ жил 1600 га-д арабас, улаанбуудай, хөх тариа, арвай тариалжээ. Гэвч цаг агаар хүйтэн, хяруу, нойтон цас орсон зэргээс шалтгаалж зарим ургацаа алдсан ч ногоон тэжээл бэлтгэхээр ажиллаж байна. Түүнчлэн намрын тариа хураалттай зэрэгцэн тарианд мал орох хүндрэлээс сэргийлэн Хурх тосгонд аймгийн ЦГ-өөс төлөөлөгч томилогдон ажиллаж байна.

 “Энх ногоон тал” ХХК 2000 га-д овьёос, арабас, улаанбуудай тариалсан бөгөөд 50 тонн овьёос хураан авчээ. “Алтан Хурх” ХХК-ний хувьд энэ жил “Алтайский 100” сортоор улаанбуудай тариалж, хураалтын ажил жигд явагдаж байна. “Өндөрхаан тариа” ХХК энэ жил нийт 1000 га-д тариалсан ч ургацынхаа 70 хувийг алдах нь тодорхой болжээ.

Биндэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Амжилт” ХХК, “Биндэрьяа буудай” ХХК болон Баян-Адарга сумын нутагт орших “Дацан Агро” ХХК –иудын ургац хураалт жигдэрчээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ