УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцэв.
УИХ дахь
АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсны дагуу УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга
О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн
Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох тухай танилцуулсан юм.
Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийг 1997 онд, “Хан-Уул” дээд сургуулийг 2002 онд бизнесийн эдийн засагч, хэрэглээний математикийн бакалавр мэргэжлээр, Удирдлагын академийг 2008 онд Нийгмийн ухааны магистраар төгсжээ. Тэрбээр 2002-2006 онд “Ажнай” корпорацын төслийн менежер, 2004-2007 онд УИХ-ын гишүүний туслах-бие төлөөлөгч, 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал, 2020 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа.
УИХ-ын гишүүн
Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, Ж.Ганбаатар нар уул уурхайн салбарын томоохон
төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарах,
хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй
зохицуулалтыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх
хувийн хэвшлийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг
баримтлах талаар үг хэлж, УИХ-ын гишүүн Р.Сэддоржид амжилт
хүсжээ.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих санал
хураахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 88.2 хувь нь дэмжсэн тул санал, дүгнэлтээ
чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсныг УИХ-ын ХМОНХГ мэдээлэв.
Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны
бүрэлдэхүүний тухай хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн санал,
дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүн:
1. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал
2. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн
3. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар
4. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай
5. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд
6. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг
7. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг
8. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан
9. Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл
10. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын
тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд
хяналт тавихыг хариуцах аж.