ДУНДГОВЬ: 100 жилийн түүхтэй Сайнцагаан сумын баяр наадам 7 дугаар сарын 18-20-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-09 16:08:38
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сум түүхт 100 жилийн ойгоо энэ сарын 18-20-нд тэмдэглэнэ. Тус сум төв, хөдөө хосолсон аймгийн төвийн сум гэдгээрээ онцлогтой.


Сайнцагаан сум анх Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны баруун сумын нутаг байжээ. Ардын засгийн газраас 1923 онд баталсан “Улсын  нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу хөх хулгана жилийн хавар тавдугаар сарын 3-нд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны харьяанд байгуулсан түүхтэй.


Дэлгэрцогт уулын хошууны баруун сумын нутагт хамаарах Цагаан-Овоо хэмээх уул, амны сайн устай, элбэг ундаргатай Сайнжаргалан хэмээх усыг сонгон тэдгээрийн дэргэд сумын төвийг байгуулж, Сайнцагаан хэмээн нэрлэсэн гэх домог буй.


1942 онд Дундговь аймаг байгуулахад Сайнцагаан сум засаг захиргааны хувьд аймгийн нэгэн сум болж байжээ. Аймгийн төвийн хойно байрлах “Найрамдлын өндөрлөг” хэмээх бор овооны зүүн хойд талд Сайнцагаан сумын төв, урд хэсэгт нь аймгийн төв Мандалговь сумын төв байрлаж байсныг УИХ-ын 1999 оны 18 дугаар тогтоолоор нэгтгэж, сумыг нь Сайнцагаан, төвийг нь Мандалговь хэмээн нэрлэх болсон юм. 


Сайнцагаан сум одоо хөдөөгийн 4, төвийн таван багаас бүрддэг ба Дундговь аймгийн засаглал, нийгэм, эдийн засгийн төв болон өргөжин хөгжиж байна.




Тус сум Улаанбаатар хотоос урагшаа 275 км зайд хойд талаараа Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, баруун талаараа Луус, урд талаараа Өлзийт, зүүн талаараа Гурвансайхан сумтай хиллэн оршдог.


Сайнцагаан сумын харьяанд ИТХ, ЗДТГ, 5 сургууль, 8 цэцэрлэг, Эрүүл мэндийн 3 төв үйл ажиллагаагаа явуулж, 9 багийн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. 16900 орчим хүн амтай. Тэдгээрийн 80 хувь нь аймгийн төвд, 20 хувь нь хөдөөгийн 4 багт амьдардаг.


Түүхт 100 жилийн ойгоо угтаж, тус сум ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ахмадын амралтын орчин, тоглоомын талбай байгуулах, гэрэлтүүлэг, дэд бүтцийг сайжруулах, зам засах зэрэг олон ажлыг төлөвлөн наадмын бэлтгэл ажлаа хангаж байна. 







Холбоотой мэдээ