БАЯНХОНГОР: Нисэх буудлын зурвасыг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээн, тогтмолжуулсан. Энэ хүрээнд орон нутгийн ес дэх чиглэл буюу "Баянхонгор нисэх буудал"-ын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварыг хийж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Ингэснээр орон нутгийн есөн чиглэлд CRJ-700 маягийн агаарын хөлгөөр МИАТ ТӨХК нислэг үйлдэх боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг найман аймаг руу эхлүүлсэн.
Баянхонгор аймгийн нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаатай холбогдуулж бэлэн байдлыг хангах, 3С ангиллын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800 м.кв талбайд 3 тэрбум төгрөгөөр засвар хийжээ.
Цаашид Баянхонгор нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байна.