Угсаатны зүйн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг хэвлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-16 13:04:18

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Түүхч, мэргэжлийн угсаатны зүйч, түүхийн ухааны доктор, Монголын Үндэсний түүхийн музейн дэд захирал агсан Д.Нансалмаагийн “Угсаатны зүйн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номын нээлт Чингис хаан Үндэсний музейд боллоо.


Тус номд “Ховдын мянгад ястан” нэгэн сэдэвт бүтээлийн хоёр дахь хэвлэл, эрдэм шинжилгээний өгүүллүүд, илтгэлийн дээжис тайлангуудыг түүвэрлэн, түүний охин Б.Есүлэн санаачилж, мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нарын саналыг тусган, мэргэжлийн судалгааных нь өвийг дахин олны хүртээл болгож байна.


Номын нээлтийн үеэр Чингис хаан Үндсэний музейн захирал, академич С.Чулуун, “Намайг анх угсаатан судлалын мэргэжилтэн болоход ихээхэн олзуурхаж бид ах, дүүгийн угсаатны зүйг судалж эхэлсэн. Миний хувьд хотгойд угсаатны зүйг, Д.Нансалмаа түүхч мянгадын угсаатны зүйг судалсан. Мянгад бол хотгойдоос салж нүүсэн, Монголын баруун монголчуудын дотор суусан умард халхын угсаатны нэг бүлэг энэ судалгааг дагнан хийсэн. Одоо болтол монголын тухай бие даасан судалгаа байхгүй. Монгол угсаатны судалгаа, монгол угсаатныг бүрдүүлж буй угсаатны бүлгийн талаар дорвитой судалсан цөөн бүтээлийн нэг нь түүнийх юм. Одоогоос 14 жилийн өмнө ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа хоёр хүний бүтээл гаргахыг зорьж байсан нь ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна” гэв.


Түүхч Д.Нансалмаа Монголын Үндэсний түүхийн музейг 1991 онд байгуулалцаж, үзмэрийн танхимуудыг иж бүрнээр дэглэн, судалгаа шинжилгээний төв болгоход гардаж байсан зохион байгуулагчдын нэг юм. Мөн “Монголын Угсаатны зүй” бүтээл нь 1996 оны шилдэг бүтээлээр шалгарч байжээ.



Холбоотой мэдээ