Н.Учрал: Шинэ Засгийн газар бодлогоос хэрэгжилтэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-07-17 13:23:43

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ-аас баталсан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн дагуу шинээр зохион байгуулж буй Засгийн газар хэрхэн ажиллах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, холбогдох сайд нарт үүрэг өгснийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэв.


Тэрбээр, шинэ Засгийн газар бодлогоос хэрэгжилтэд илүү анхаарч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Дэвшүүлсэн бодлогуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг айл, өрх бүрд хүргэх хэрэгжилтийг хэрхэн хангах гэсэн чиглэлээр ажиллах учир Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ч гэсэн олон улсын сайн туршлагууд дээр үндэслэн, улс төрийн намуудын УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг зорилтыг хангуулсан бүтэц бий болсон гэв.


Мөн Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байгааг мэдэгдлээ.


Хамтарсан, шинэ Засгийн газар өнгөрсөн Засгийн газраасаа илүү хурдтай, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад зориглож ажиллана. Аль нэг нам нөгөөтэйгөө өрсөлдөхөөс илүү ард түмний дунд үүссэн асуудал, бэрхшээлтэй өрсөлдөж, асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн гэв.

Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, гэрээн дээр үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Үүний өмнө шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байгааг мэдэгдлээ.


Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-аар батлуулж тогтоол гаргуулснаар цаашид сайн жишиг Монгол Улсад үлдэнэ гэж үзэж байгаа. Ерөнхий сайд холбогдох сайд нарт Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг халж, сэлгэх, тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангуулахад илүү анхаарх ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн.

Хэдийгээр яамдын бүтэц, нэр өөрчлөгдсөн ч төрд тангараг өргөсөн алба хаагчид тогтвортой ажлаа хийх бололцоо байгаа. Тиймээс үүнд ямар нэгэн улс төржилт байхгүйгээр ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн бид Засгийн газрын эхний 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөн дээр ажиллаж байна.


Тэгэхээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цомхон чадварлаг, ухаалаг төрийг бий болгох, аливаа шийдвэр их өгөгдөлд суурилах, хүнээс хамааралгүй шийдлээр асуудлыг шийдвэрлэх, төр иргэндээ очиж үйлчлэх, цаасгүй шилэн ил тод, нээлттэй төрийг бий болгох чиглэлээр зорилтууд тусгасантай холбоотой хот төлөвлөлт хийх, эрчим хүчний либерчлал, хүлээгдэж байгаа олон үйл ажиллагааг түргэсгэх чиглэлээр ирэх долоо хоногт яамдын бүтэц орж ирнэ гэв.


Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны төв байгууллагууд, бусад төрийн өмчит компаниудыг ч гэсэн нэгдсэн веб порталтай болгож, төр иргэнтэйгээ нэг л сувгаар харилцдаг байдлыг бий болгоно. Засгийн газрын ажлын эхний 100 хоногт энэхүү нэгдсэн порталыг хийх аж. Засгийн газрын өнөөдөрийн хуралдаанаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонслоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох сайд нарт мэдээлэл өгч, мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг сайд нарт үүрэг болгов. Тодруулбал, 

  • Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах талаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт, 
  • Эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд,
  • Зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо. 
Холбоотой мэдээ