БАЯНХОНГОР: Заг сумын түүхт 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сум 1924 онд Чандмань сум нэртэй байгуулагдаж, 1934 оноос Загийн гол сум болж Өвөрхангай аймагт харьяалагдаж байгаад 1934 оноос Архангай аймагт, 1942 онд Баянхонгор аймгийн харьяат болсон түүхтэй.
Заг сум аймгийнхаа баруун хойд хэсэгт орших бөгөөд зүүн талаараа Жаргалант, Галуут, баруун хойд, урд талаараа Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан сумтай хиллэнэ. Далайн түвшнээс дээш 1800-2000 м өргөгдсөн, хангайн уулархаг бүсэд оршдог.
Заг сумын төв нь Хангайн нурууны өвөр Загийн гол эрэг дээр, Улаанбаатар хотоос 820 км, Баянхонгор аймгийн төвөөс 188 км зайтай оршино. Байдрагийн голын уулзвар буюу Монголын нууц товчоонд Чингисийн хүрэн бэлчир гэж тэмдэглэгдсэн сайхан газар бий.
Овоон таг, Баянбулаг, Данхарын тагууд, Хөх хайрхан, Тахилга хайрхан, Баянцагаан уул, Ямбат хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан уул нуруудаар хүрээлэгдэн оршдог. Хангайн нурууны Хөх нуурын орчимд хар мод, хус, Заг-Байдрагийн голын хөвөөг дагаж бургас, сухай тоорой зэрэг төрөл бүрийн мод, модлог, ургамалтай баялаг хад, тошлой зэрэг жимс жимсгэнэ, зэрлэг сонгино элбэг ургана.
Хатавчийн гол, нуурын гол, Баянбулагийн гол, Загийн гол, Байдрагийн гол, Ацын гол, Шорвогтын гол, Хөх нуур, Заваг нуур, Ногоон нуур, Холбоо нуур, Өвдөг нуур, Хаян нуур, Шинэ усны нуур, далан нуур зэрэг том, жижиг олон гол нууруудтай. Голуудын хамгийн том нь Заг гол, дотоодын урсгалтай, Заг, Байдраг гол 300-гаад км урсаж, Бөөнцагаан нуурт цутгана. Хөх нуур 7 км урт, 2-3 км өргөн, бүх голын ус нь цэнгэг.
Сумын дийлэнх олонх нь төв Халхууд, Боржигон, Бэчүд, Олхонууд, Жилайр, Хөх нуурынхан, Цагаан чулуутынхан, Хиргэс, Тавын хонгор, Хадныхан, түмэнгийнхэн, Өөлдүүд, Сатуул, Урианхай зэрэг овог байсан гэж судлаачид үздэг.
Сумын нутагт вансэмбэрүү, алтан гагнуур, алтан хундага, бамбай, монгол туйлсан, лидэр, чихэр өвс, гоёо зэрэг ургамал, цээнэ согоон чих, мэхээр, хунчир, цульхир зэрэг гурил цайны ургамал, хад, тошлой, хармаг, нохойн хошуу, чацаргана, сонгино зэрэг жимс, арц, ганга зэрэг үнэрт ургамлаар баялаг. Нутгийн хангайн хэсэгтээ хялгана, хиаг, соновор зэрэг уст ургамал, олон өвс нягт ургадаг. Тал хээрийн бүсэд ерхөг, биелэг өвс, дааган сүүл, бутуул, цэцэй ба буурцагт ургамал, агь, мангир зэрэг амтлаг ургамал, бутаргана, багалуур, шаваг, харгана, бутлаг тэсэг зэрэг бутлаг ургамал элбэг.
Эрт дээр үеэс ард олон өвчин эмгэгээ анагааж ирсэн Биндэръяа хөх нуурын халуун рашаан, хоёр голын уулзвар дахь Халиутын дотор эрхтний рашаантай. Халиутын рашаан сумын төвөөс 20-иод км, харин нуурын рашаан 50 км-т байна. Сумын бүх нутаг тарвагатай боловч одоо ховордсон уулархаг газраараа аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг ховор ан амьтан байдаг. Тал хээр газартаа үнэг, чоно, хярс, мануул, үмхий хүрэн, зурам зэрэг олон төрлийн амьтдаар баялаг.
Нутгийн ихэнх хэсэгт байнгын ба нүүдлийн шувууд элбэгтэй, өндөр уулын тал, бүргэдээс эхлээд харцага, шонхор, хойлог, сар, бэгбаатар, шар шувуу, ууль, шаазгай, олон ятуу, тоншуул, хэрээ турлиах, ногтруу, болжмор зэрэг нутагшсан шувууд, хул, галуу, ангир, тогоруу, тоодог, цахлай, элээ зэрэг нүүдлийн шувууд ирдэг.
Тус сумаас төрсөн алдар гавьяатан:
- Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор
- Санжидын Баатар (1928-1998) - зураач
- Тангадын Галсан - Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч
- Д.Отгонжаргал - МУГЖ
- Д.Мөнхсайхан - CTА
- Д.Цэрэгтогтох - Монгол Улсын начин
Заг сумын түүхэн дурсгалт газрууд: