СЭЛЭНГЭ: Шаамар сумын 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-18 15:24:58

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Шаамар сум нь 1924 онд Орхон-Шаамар нэртэйгээр Орхоны хөндий буюу Халзангийн хаяа хэмээх газар анх байгуулагджээ.

 

1921 онд эх орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө амь бие хайргүй тэмцсэн партизан цэргийн өлгий нутаг гэдгээрээ Шаамар сум алдартай.

 

Шаамар сум нь 1921 оны Ардын хувьсгалын дараа хувьсгалт засгийн газраас хийсэн засаг захиргааны шинэчлэн зохион байгуулалтаар Хуучин Богд Хаант Монгол Улсын Түшээт хан уулын хошуу буюу шинэчилсэн нэрээр Зүүнбүрэн хан уулын хошуу байгуулахад орон нутгийн засаг захиргааны анхан шатны 12 сумтай байсны нэг нь юм.

 

Өнөөдрийн Шаамар сум Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багтай. Энд нийт 2000 гаруй өрх, 4000 гаруй хүн амьдарч байна. Тус сум нь хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхний 8-д, газар нутгийн хэмжээгээр 16-д ордог. Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт хамаарч, Улаанбаатар хотоос 330 км, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Зүүнбүрэн сум, Дулаанхаан тосгон, Хушаат сум, Дархан-Уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.

 

Тус сум нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Нутгийн захиргааны болон тосгоны Захирагчийн алба, төр төсвийн 7 байгууллага төрийн үйлчилгээг хүргэж байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 30 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа  явуулж  байна.

 

Шаамар сум нь түүхийн маш олон чухал баримтыг хадгалан оршиж байгаа гэдгээрээ онцлогтой сум юм. Тодруулбал:

 

-Шаамар сумыг түшиглэн хуучнаар ЗСБНХУ-ын Наушик өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд тавих Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг Зөвлөлт орос улсын тусламжтайгаар 1945 онд эхлүүлж байжээ.  


 

-Эрт үеэс үржил шимтэй, Орхон, Сэлэнгийн сав энэ нутагт хүн төрөлхтний амьдралын анхдагч гал голомт байсны нэгэн илрэл болох эртний хүний араг яс 1974 онд Шаамар сумын нутгаас олдсон байдаг.

 

Энэ олдвороор Төв Азид түүний дотор Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнөөс эхэлсэн гэсэн дүгнэлтийг олон улсын хүн судлаач, түүхчид гаргажээ.

 

Дэлхийн хүн судлалын түүхэнд “Шаамарын хүн“ гэж алдаршсан тэрхүү нэн ховор олдвор нь одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын музейд хадгалагддаг байна.

 


Эртний хүний яс олдсон алдарт Бүүрэг толгой. Шаамар сумын төвөөс 1.5 км Орхон голын хөвөөнд

 

 

-Мөн 1956 онд Шаамар сумын нэгэн тохойд жимс, жимсгэний эрдэм шинжилгээний туршилтын станцыг ШУА-ын харьяанд анх байгуулж, төрийн соёрхолт эрдэмтэн Э.Шагдарын удирдлага дор Монголын анхны алимыг тарьж ургуулсан түүхтэй.

 

Жимс жимсгэний ургацад зөгий асар их үүрэгтэйг анхаарч 1959 онд тус сумын иргэн Б.Жамц ЗХУ-аас 50 бүл зөгий анх авчирч үржүүлснээр Монголд анх зөгийн аж ахуйг хөгжүүлэх үндэс суурийг тавьжээ.

 

-Атар эзэмших аяны хүрээнд Шаамар дахь авто засварын төвийг түшиглэн ХАА-н мэргэжлийн боловсон хүчин /тракторч, комбайнч, жолооч/-ийг бэлтгэх сургууль комбинатыг анхлан 1957 онд байгуулж, Монголд мэргэжилтэн бэлтгэх сургуулийн анхны суурийг тавьжээ.

 

Мөн МАА-н материаллаг баазыг бэхжүүлж, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар 1968 онд тэжээлийн аж ахуйг байгуулсан байна. Шаамарын тэжээлийн аж ахуйг илгээлтийн эзэн залуучуудын хөлс, хүчээр бүтээн босгосон учраас 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “МХЗЭ-ийн нэрэмжит” болгосон байна.

 

-Туурга тусгаар улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлж, ардын хувьсгалын галыг асааж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 гаруй партизан цэргүүд оролцож байсны 311 нь Сэлэнгэ аймгийн харьяат цэргүүд байсан бөгөөд үүний 120 нь Шаамар сумын иргэд байсан гэдэг. Эдгээр партизан баатруудынхаа гавьяаг мөнхөлж, Шаамар сумын төвд Партизан цэргүүддээ зориулсан хөшөөг босгосон байна.

 

Холбоотой мэдээ