Японы гимнастикчийг Олимпод оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-19 15:37:38

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 19 /РИА Новости/.  Японы спортын гимнастикийн шигшээ багийн ахлагч Шоко Мията тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэснийхээ төлөө Парис-2024 Олимпын наадамд оролцох эрхээ хасуулсан байна. Энэ тухай Киодо Ньюс агентлаг Японы Гимнастикийн холбооны /JGA/ мэдэгдлийг эш татан мэдээлжээ.


Хийсэн үйлдлийг нь шалгаж байгаа учраас 19 настай гимнастикийн тамирчин бүсгүй лхагва гарагт болсон бэлтгэл сургуулилтад ирсэнгүй. Японы хуулиар 20 нас хүрсэн хүмүүс тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг ажээ.


Японы Гимнастикийн холбооны мэдэгдэлд дурдсанаар, тамирчдын ёсзүйн дүрмийг зөрчсөний учир Миятаг Олимпын тоглолтод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. “Сэтгэлзүйн их ачааллын” улмаас цорын ганц удаа архи, тамхи хэрэглэсэн гэдгээ гимнастикч бүсгүй тайлбарласан боловч дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнээс гадна, шигшээ багийн ээлжит бэлтгэл цугларалтын үеэр Мията уг үйлдлийг хийсэн болохыг JGA-гийн мэдэгдэлд дурджээ.    


Мията 2022 оны ДАШТ-нээс хүрэл медаль, мөн онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд хоёр мөнгөн медаль хүртжээ.  

Холбоотой мэдээ