“Эмээлт аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-24 16:42:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк-ийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах талаар хэлэлцэв. 


Тус паркийн хүрээнд 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжих юм. Мөн ЖДҮ-ийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана. Хамгийн гол нь арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өсөх үр өгөөжтэй төсөл гэдгийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулав.


Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ.

Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, ААН-үүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно хэмээн тооцжээ.



НИТХ-аас 2023 онд тус паркийн ТЭЗҮ-г баталсан. Одоо хэлэлцэж буй шинэчлэлийн хувьд төслийн талбайн урд 500 айлын газар олгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх юм. Мөн хог хаягдлыг ангилах ялгах, паркийн эрчим хүчний хэрэглээний 24 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс шийдэх зорилгоор нарны зай хураагуурыг суурилуулахаар болжээ.

Төсөл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар баталж, шаардлагатай хөрөнгө оруулалтын 63 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 27 хувийг гадаадын зээл тусламжаас бүрдүүлэх аж.


Аж үйлдвэрийн парк төлөвлөгөөний дагуу ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 6.7 жилийн дараа бүх зардлаа нөхнө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулав. “Эмээлт аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталлаа.  

Холбоотой мэдээ