Олон улсын олимпиадад оролцогчдыг бодлогоор дэмжихээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-07-24 20:26:33

Улаанбаатар, 2024оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр олон улсын математикийн 65, биологийн 35 дугаар олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Батт хотод зохион байгуулсан математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагч өрсөлдсөнөөс Монгол Улсын багийн 6 сурагч бүгд медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан юм.

Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагч өрсөлдөж Монгол Улсын багийн 4 сурагч 2 хүрэл медаль хүртсэн. Олимпиадын даалгавар онолын болон практик хэсгээс бүрдсэн байна. 

Уулзалтын үеэр дадлагын тоног, төхөөрөмжийн хангамжийг сайжруулахад онцгой анхаарах, олимпиадад амжилт гаргасан сурагчид сэтгэл зүйгээ сайн хянаж чадсанаар амжилт гаргахад нөлөөлсөн зэргийг дурдав. 


Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдад баяр хүргээд, тэднийг мөрөөдлөө нээлттэй илэрхийлж, мөрөөдөлдөө тэмүүлж, мөрөөдөл нь зорилго, зорилго нь амжилт болдгийг захив. Цаашид олон улсын олимпиадад оролцогчдыг бодлогоор тууштай дэмжихээ илэрхийлж, биологийн лабораторийн сургалтыг дэмжихээ амлалаа.


Боловсролын яамнаас албан ёсоор “Олон улсын математикийн олимпиадын хороо”-нд 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлэхээ мэдэгдэв. Мөн биологийн олон улсын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдлээ.


Сүүлийн 7 жилийн хугацаанд Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 6 алт, 10 мөнгө, 21 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн. Энэ хугацаанд оролцсон 42 хүүхдээс 40 нь медаль, шагналт байрт шалгарчээ. 




Холбоотой мэдээ