СЭЛЭНГЭ: Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-26 15:54:00

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Баруунбүрэн сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож, хуран цугласан олонд баярын мэндчилгээ дэвшүүлэн, сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт гардуулан өгч, амжилт хүслээ.

 

Баруунбүрэн сум хуучнаар Түшээт хан аймаг Ахай засгийн хошууны бүрэлдэхүүнд байж байгаад 1924 онд Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй байгуулагджээ. Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Ахай засгийн хошууны сумдаас гадна Их шавийн отгууд зэрэгцэн оршиж байсан байна.

 

Тус сум нь Сэлэнгэ аймгийн баруун урд захад баруун болон баруун хойд талаараа Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Хангал сум, хойд талаар Булган аймгийн Сэлэнгэ сум, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, зүүн урд талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат, Орхон, Сант, урд хэсгээрээ Орхонтуул, Булган аймгийн Орхон сумтай тус тус хиллэдэг.

 

Улаанбаатар хотоос 310 км, аймгийн төвөөс 220 км, Эрдэнэт хотоос 65 км, Дархан хотоос 110 км зайд байрладаг.

 

 

1976 оны 11-р сард Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдэлд Цагаантолгойн САА-н Бургалтайн тасаг нэгдэж, 1976 оны 12-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор “Бургалтайн” САА байгуулагджээ.

 

Тус сум нь одоогоор засаг захиргааны Ивэнгийн 1-р баг, Бургалтайн 2-р баг, Цагаан овооны 3-р багт хуваагдаж байна. Баруунбүрэн сум нь нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймагтаа 2-рт ордог. 



Холбоотой мэдээ