“Парис-2024” Олимпын наадмыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадмын нээлт Францын Парис хотын төвөөр урсах Сена мөрний эрэг дээр ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн ёслолын үйл явдлыг тоймлон хүргэе. Нээлтэд оролцсон 206 орон, дүрвэгсдийн баг 94 усан онгоц хөлөглөн, зургаан км усан замыг туулан жагсав. Тус наадамд АНУ, Франц, Австрали, Герман, Япон, Хятад зэрэг орон хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Галт бамбарыг Олимпын таван медаль алдарт жүдоч Тедди Ринье, Олимпын гурван удаагийн аварга цуут гүйгч Перес нар асааж, “Парис-2024” бамбар нь францчуудын дэлхийд 1783 онд анхлан зохион бүтээсэн агаарын бөмбөлөгт бадамлан асав.
Нээлтийн бамбарыг домогт хөлбөмбөгчин Зенидин Зидан, Олимпын есөн удаагийн аварга Карл Льюс, Олимпын таван удаагийн аварга Надя Коминич, Олимпын хошой аварга Дэвид Дулье, Клариссе Агбегноу, Олимпын дөрвөн удаагийн аварга Серена Уильямс, сагсан бөмбөгийн алдарт тамирчин Тони Паркер болон шилдэг тамирчин Рафаэль Надал, Амелие Мауресмо тэргүүтэй дэлхийн цуут тамирчид буухиаллаа.
Олимпын наадмын нээлтэд уригдсан орнуудаас 120 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн нь дээд амжилт болсон байна. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий. Тэрбээр Франц болон Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн урилгаар гэргий Л.Болорцэцэгийн хамт Парисын Олимпын нээлтэд оролцсон юм.
Францын Засгийн газар Олимпын усан замын системийг шинэчлэхэд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Нээлт гайхалтай болсон ч хамгийн харамсалтай нь нээлтийн ёслолын түүхэнд Олимпын далбааг доош нь харуулан өлгөсөн анхны тохиолдол гарч багагүй шүүмжлэлд өртөв. Наадмын аюулгүй байдлын албанд Францын хүчний байгууллагын 45 мянган цэрэг, офицер, 24 мянган хувийн мөрдөгч, 18 мянган армийн ажилтан дайчлагджээ.
Нээлтийн ёслолын гэнэтийн бэлэг нь Лэди Гага байв. Тэрбээр “Mon Truc En Plumes” дууг дуулж, Олимпыг чимсэн бол алдарт дуучин Селин Дион “L’Hymne à l’amour” дуугаар нээлтийн үйл ажиллагааг төгсгөсөн юм.