ЗАВХАН: Монголын хамгийн урт бадагтай уртын дууны нэг нь "Оройн чимэг" юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр уулыг "Оройн чимэг" уртын дуугаар аргаддаг. Монголын хамгийн урт бадаг бүхий “Эр бор харцага” дууны дараа ордог 33 бадаг бүхий “Оройн чимэг” уртын дуу нь Отгонтэнгэр хайрханд зориулсан магтаал, шүншигтэй дуу билээ.
Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан,
Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч, бөөгийн ёсны гол
тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон,
бурхан шашны ч шүтээн ажээ. Ингээд энэхүү хайрханд зориулсан "Оройн
чимэг" дууны талаарх үнэн үүх түүхийг Отгон сумын харьяат 83 настай иргэн
Ч.Юнрэндоржийн хүүрнэснээр өгүүлье.
...Орой биеийг нь харахад
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харахад
Зонхов бурхны байдалтай.... ийн түрлэг нэмэх “Оройн чимэг”- ийг дуулахгүйгээр
эхэлдэг, бас жаргадаг найр хурим гэж Очирваань хайрхны өвөр бэлээр нутаглах,
сум гэж байхгүй.
Өнөр баян явна гэдэг өндөр Богдын минь аврал аа...хэмээх
мөрүүдийг хэлэх бүртээ нутгийн ард түмэн тэр бүрт тохиодоггүй аз хишигтээ
баярлана.
Дээл хувцас, эдлэл хэрэглэл, адуу мал, ахуй орчин... юм бүхэн
нь нүнжиг, яс чанар ханхалсан энэ нутгийнхны аз хишиг их Отгонтэнгэрийн өвөрт
явдаг ч гэлцдэг үүгээрээ ч бахархдаг ажээ. Энэхүү нутагт оршин амьдардаг
уугуул, суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн
түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна.
“Оройн чимэг”дууны тухай
Монгол түмний шүтээн болсон Отгонтэнгэр хайрхныг магтан
дуулсан Оройн чимэг нь олон түүх, домогтой.
Өдгөө Отгонтэнгэр хайрхнаар нутагладаг ус нутгийнхан болон
газар газар дуулагддаг боловч ая дан болон зарим үг нь өөрчлөгдөн дуулагдсаар
байна. Харин өөрийн ая дан, анх зохиосон үгээр нь хамгийн ойр дуулж үлдсэн ард
түмэн бол Отгон сумынхан юм. "Оройн чимэг”-ээр найр наадмаа эхлүүлдэг ёс
одоо ч тус нутаг усанд бий.
Энэхүү дууг тасралтгүй хоёр хоног дуулдаг гэж ярьдаг ба зөвхөн уулынхан л дуулж чадах өндөр түрлэгтэй дуу ч гэлцэнэ. Тиймээс Монголын хамгийн олон бадагтай уртын дуу хэмээжээ.
Энэхүү дууг 18-р зууны сүүлээр амьдарч байсан нутгийн ард Жав хэмээх хүн зохиосон гэж ярилцдаг. Жав нь барлагдуу амьдралтай, бэлэн цэцэн үгтэй уран яруу үгийг холбож шүлэглэдэг, бас шилийн сайн эр байжээ. Үгийн сайныг уянгын эгшигтэй найрсууланхан их хайрхнаа магтан дуулсан энэ дууг нутгийн сайн эр Жав нас ахиж өвчин зовлонд баригдах үедээ өөрийн гэм нүглээ наминчилж зохион дуулж, хариуд нь Отгонтэнгэр хайрхнаас дэлт азарган чоно буун ирж, бүх л биеийг нь долоон шилгээж эдгээн тэнхрүүлсэн домогтой гэж нутгийн иргэд ярилцдаг.
Нутгийн ард Жав дууныхаа үг аяыг нь зохиочихоод хошууны ноёнд айлтгаж зөвшөөрөл авч Дилов хутагт Наро банчин гэгээнтэнд айлтгаж аравнайлуулжээ.
Ингээд хоёр гэгээнтэн Жав гуайд энэхүү дууг харийн нутагт дуулж болохгүй, ядарсан үедээ дуулж яваарай, ерөөл болгож ерөөж яваарай, дуу болгож дуулж яваарай, олз омог чинь арвижиг, гэм нүгэл чинь цайраг, лус савдаг баярлаж яваг хэмээн ерөөж аравнайлсан байна. Ингээд Жав гуай анх 1920-иод оны дундуур Чулуутын амны Алтан толгойн бэл хэмээх газар 1000 борлог адуутай айлын зэлэн дээр анх дуулжээ. “Оройн чимэг”-ийг анх дуулж эхлэхэд адуучин улс адуугаа мартаж үнээ сааж байсан улс үнээ тугалаа нийлүүлж, улс амьтан уярч уйлж сонсож байсан үүх түүхтэй хэмээн Отгон сумын иргэн 83 настай Ч.Юнрэндорж гуай ярьж байна.
Ч.Юнрэндорж гуай нэмж хэлэхдээ энэхүү дууны түүх домгийг олон хүн зөрүү, буруу
бичиж дууны бадгийг нэмж зохиож үлдээж буй нь харамсалтай юм. Угтаа энэ дуу нь
32 бадаг бүхий Монголын хамгийн урт уртын дуу болох “Эр бор харцага” дууны
дараа ордог 30 гаруй бадагтай дуу юм.
“Оройн чимэг”-ийг анх зохиож дуулсан “Жав”-аас өвлөн сурч авсан нутгийн адуучин, оторчин болох Совдын Агвааншийрав хэмээх ард 88 нас хүртлээ адуугаа оторлох үеэрээ буюу хээр гадаа, бүтэн бадгаар нь уянгалуулан дуулж явсан түүх бий хэмээв.
Цаашид “Оройн чимэг” дууны анхны үнэн бодит түүх, дууны бүрэн бадгийг тогтоох
ажлыг эрдэмтэн судлаач, зохиолч, дуучид хамтран хийх нь зүйтэй юм.
Ингэснээр Монголын соёлын биет бус өв болох уртын дууны
нэгэн гайхамшигт бүтээл “Оройн чимэг” дуу нь бүрэн түүх, бадгаараа олонд түгэх
нь дамжиггүй юм. Өдгөө энэхүү дууг 32 түрлэг буюу 128 мөр шүлгээс бүтсэн хэмээн
орчин үежүүлэн зохиосон бүтээл гэхэд гарын таван хуруунд багтахаар байна. Харин
“Оройн чимэг” дууг бүтэн бадгаар нь дуулсан уртын дуучин байхгүй юм гэж хүүрнэж
байв.
“Оройн чимэг” дуунаас хэсэгчлэн сонирхуулбал:
...Оройн чимэг болсон
Отгонхайрхан уул аа
Орчлонгийн чимэг болсон
Дилов ламын гэгээнээ
Оройн биеийг нь харвал
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харвал
Зонхов бурхны шинжтэй
Магнай биеийг нь харвал
Манзшир бурхны шинжтэй
Дунд биеийг харахад
Дуган сүмийн байдалтай
Дуралзан гялалзан харагдана
Мандалт уулын оройд охь
Мандах нар тусна
Майдрын чимэг болсон цэцэг нь
Зүг зүгтээ ганхана аа
Ар голын рашаан нь
Асга бүгддээ мэлтийнэ
Арван зүгийн амьтны
Аливаа бузрыг арилгагч
Ариун сайхан утаан бэ
Бага богдын оройд нь
Байн байн будан татна
Барааны холоос харахад
Баатар Чойжингийн шинжтэй
Баруун талын ууланд нь
Барс ирвэс агсарна
Балар хундаганы рашаанаас
Амьтан болгон зална
Зүүн талын ууланд нь
Зүр гур нь зөрөлдөнө
Зүйл зүйлийн цэцэг нь
Зүг бүртээ ганхана аа
Хормой биеийг түшихэд
Хорин нэгэн дарь эхийн хишигтэй
Хоногийн газраас харахад
Хоёр нүдэнд илхэн бэ
Хатан бэйлийн давааг
Ганган халиунаараа давна аа
Гартаан барьсан зэвсгээрээ
Харшлах дайснаа дарна аа
Найман нуурын хөвөөнд нь
Нарийнхан гуалиг буга нь
Навч цэцгээ зуусан
Найман түмэн зулзагаа
Нааш цааш дагуулан
Яралзан гүйж дэгдэнэ
Тойрсон олон нуур нь
Тогтоол бүхэндээ тунамалтай
Тоймгүй олон шувууд нь
Дэвэн дэлж ганганана
Асар их хаднаас нь
Алтан элс оргилно
Арван зүгийн амьтан
Адис болгон авна
Өнөр баян явна гэдэг нь
Өндөр богдын минь аврал
Буянт бат сууна гэдэг нь
Баянзүрхийн минь аврал
Төр нь тогтож
Түмэн амгалан болтугай
Шашин нь дэлгэрч
Шавдан нь батжих болтугай хэмээн өгүүлэх ажээ.
Отгонтэнгэр хайрхан Завхан
аймгийн Хүүхдийн Даян Очир зуслангаас ийн харагдана